Суданы нийслэл Хартум хотод өнгөрсөн долоо хоногийн Бямба гарагийн өглөөнөөс хойш тус улсын хоёр том генерал эрх мэдлийн төлөө хоорондоо тулалдаж буй. Уг хотод гацаад байгаа Монгол Улсын хоёр иргэн өчигдөр орон нутгийн цагаар 09:00 цаг (Улаанбаатарын цагаар 15:00)-ийн орчимд НҮБ-аас зохион байгуулсан нүүлгэн шилжүүлэх ажиллагааны хүрээнд автобусаар Суданы Порт Судан хот руу явуулсан хэмээн ГХЯ-аас мэдээллээ.
Хартум хотоос Порт Судан хот хүртэл 900 орчим км бөгөөд иргэд өнөөдөр аюулгүй байрлалд буюу Порт Судан хотод очих аж. Иргэд Порт Судан хотод очсоны дараа эргэн мэдээлэх болно.