Австрали Улсын “Ажиллах болон амрах” виз мэдүүлэхээр төлөвлөж байгаа, холбогдох шаардлага (шаардлагын талаарх мэдээллийг энд дарж үзнэ үү)-ыг хангасан Монгол Улсын иргэн Та виз мэдүүлэхээс өмнө Гадаад харилцааны яамнаас захидал авсан байх шаардлагатай. “Ажиллах болон амрах” ангиллын визийн хүсэлтийг 2023 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүлээн авах тухай австралийн талаас мэдэгдсэн тул захидал авах хүсэлтэй иргэн Та 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн холбогдох материалыг бүрдүүлж, dep10-13@mfa.gov.mn цахим шуудангийн хаяг руу, зөвхөн “pdf” өргөтгөлтэй файлаар илгээнэ үү. Хариуг тус яамнаас ажлын өдрүүдэд 48-72 цагийн дотор Таны бүртгүүлсэн цахим шуудангаар хүргүүлэх бөгөөд дараах материалыг бүрдүүлэх шаардлагатай:
· Хүчин төгөлдөр Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспортын хуулбар;
· Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт (e-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталаас авна);
· Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт (e-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталаас авна);
· Дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолт (e-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталаас авна), хэрэв сургууль төгсөөгүй бол их, дээд сургуульд хоёроос доошгүй жил амжилттай суралцсан талаарх сургуулийн тодорхойлолт;
Гадаад харилцааны яамнаас олгох захидлыг зөвхөн холбогдох шаардлага (шаардлагын талаарх мэдээллийг энд дарж үзнэ үү) болон материалын бүрдлийг хангасан иргэнд олгох болохыг дахин анхааруулж байна.
Гадаад харилцааны яамнаас олгох захидал нь Австрали Улсын “Ажиллах болон амрах” виз авах баталгаа биш бөгөөд зөвхөн виз мэдүүлэхэд шаардлагатай баримт бичгийн нэг юм. Виз мэдүүлэхтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг https://immi.homeaffairs.gov.au/visas/ холбоосоор орж авна уу.
Австрали Улсын “Ажиллах болон амрах” визийг Монгол Улсын иргэнд олгох эсэх нь Австрали Улсын холбогдох байгууллагын бүрэн эрхийн асуудал учраас Гадаад харилцааны яам виз олголттой холбоотой асуудлаар аливаа гомдол, санал хүлээн авахгүй болохыг анхаарна уу.
Эх сурвалж: Консулын газар