Прокурорын байгууллага 2023 оны 4 дүгээр сард ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор хорих, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх болон цагдан хорих, баривчлах, саатуулах шийдвэрийг биелүүлэх ажиллагаатай 497 удаа танилцаж, 71 шалгалт, 4 судалгаа хийлээ.
Шалгалтаар холбогдох хууль, журмыг зөрчсөн, хангалтгүй хэрэгжүүлсэн 116 зөрчлийг илрүүлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 29 шаардлага хүргүүлж, үр дүнг тооцож ажиллав.
Мөн ял эдлүүлэх ажиллагааны явцад хуулиар олгогдсон эрх нь зөрчигдөж байсан 20 ялтны эрхийг сэргээх арга хэмжээ авсан.
Тухайлбал, хорихоос өөр төрлийн ял, тэнсэх албадлагын арга хэмжээ авагдсан 13 ялтны ял эдлэх хугацаа дууссан байхад хилийн хоригийг цуцлаагүй, мөн торгох шийтгэлээр шийтгүүлсэн 2 хүн шийтгэлээ бүрэн биелүүлсэн байхад дансыг нь битүүмжилсэн шийдвэрээ хүчингүй болгоогүй байсныг илрүүлж цуцлуулах арга хэмээ авсан бол зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлсэн 1 ялтны шүүхээс оногдуулсан ялын хугацаа дууссан байхад ял эдлүүлж байсныг зогсоосон байна.
Дээрх хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас гаргасан ял солиулах, ялтны зорчих бүсийг өөрчлөх 140, хорих ангиудаас хоригдлыг хугацаанаас өмнө суллах 153 саналыг прокурор хянаж, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ял эдлэх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй, ялын тодорхой хувийг эдэлсэн 86 хоригдлыг хугацааны өмнө суллах талаар дүгнэлт бичиж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.