Авлигын эсрэг “5Ш” ажиллагааны “Шүгэл” ажиллагааг хэрэгжүүлэх ажлын хэсэг 2023 оны тавдугаар сарын 4-ний өдөр Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага, Монголын үндэсний бөхийн холбоонд ажилласан.
Эдгээр байгууллагад ажиллах үеэр үүссэн асуудлын хүрээнд Монгол Улсад допингийн эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлэх, иргэд, олон нийтэд ил тод, үнэн, зөв мэдээлэл хүргэх, асуудлыг нягтлах, шийдвэрлэх зорилгоор Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас санаачлан, Хууль зүй дотоод хэргийн яамтай хамтран “Допинг ба спортын авлига” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулж байна.
Хэлэлцүүлэгт Авлигатай тэмцэх газар, Монголын үндэсний олимпын хороо, Монголын ОУ-ын ба үндэсний спортын арбитрын холбоо, Монголын үндэсний бөхийн холбоо, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын нийт 30 орчим төлөөлөл оролцож, дараах сэдвүүдээр илтгэл, танилцуулга хийж, хэлэлцүүлэг өрнүүлж байна. Тодруулбал:
– Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонго “Допинг ба спортын авлига”
– Монголын үндэсний олимпын хорооны дэд ерөнхийлөгч О.Одбаяр “Олимпын оролцоо ба допинг”
– Авлигатай тэмцэх газрын дэд дарга Г.Азжаргал “Спортын авлигатай тэмцэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох нь”
– Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын гүйцэтгэх захирал Д.Мөнхболд “Допингийн шинжилгээ авах үйл явц ба ил тод байдал”
– Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав “Допингийн эрсдэл ба ирээдүй”
– Монголын ОУ-ын ба үндэсний спортын арбитрын холбооны тэргүүн Г.Батзаяа “Допингийн эсрэг олон улсын туршлага” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлж байна.
Хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлтэд үндэслэн хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох, спортын авлигыг таслан зогсооход шаардлагатай хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэх, төсөл боловсруулж, судалгаа хийх холбогдох гарц шийдлийн талаар эрх бүхий байгууллагад уламжлан шийдвэрлүүлэх юм.
Эх сурвалж: Цахим хөгжил, харилцаа холбооны яам