Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.Оюундэлгэрт Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Ц.Батбилэгт мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.Эрдэнэбаатарт мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Ж.Баттогтох, Л.Оргилмаа нарт мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, 2023 оны 05 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд хянан хэлэлцэв.
Шүүхээс шүүгдэгч нарт оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэн шүүгдэгч Б.Оюундэлгэрийг албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр бусдаар дамжуулан хээл хахууль авсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дахь хэсэгт заасан “Хээл хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, төрийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 12.480.000 төгрөгөөр торгох ялаар, мөн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1.500.000 төгрөгийг түүний хувьд ноогдох хөрөнгө орлогоос албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр,
Шүүгдэгч Ц.Батбилэг, Г.Эрдэнэбаатар нарыг Албан тушаалтанд өөрөө буюу бусдаар дамжуулж хээл хахууль өгсөн буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дахь хэсэгт заасан “Хээл хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч нарыг тус бүр 10.560.000 төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч Ж.Баттогтох, Л.Оргилмаа нарыг Хээл хахууль өгч авахад зуучилсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.1 дахь хэсэгт заасан “Хээл хахууль зуучлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч нарыг тус бүр 5.760.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР