ОХУ-ын Төрийн өмчит “VTB” банк Иранд оффисоо нээжээ

ОХУ-ын “VTB” банк Украины дайны улмаас АНУ, Европын Холбоо, Их Британийн хоригт өртөөд байна

ОХУ-ын хамгийн том банкнуудын нэг “VTB” Иранд салбар оффисоо нээлээ. Энэ нь барууны орнуудын хоригт өртөөд буй Иран болон ОХУ-ын эдийн засгийн түншлэл улам өргөжиж буйн дохио болж байна.

“VTB” банк тэрхүү оффисоо гадаад валют шилжүүлэхэд ашиглахыг Ираны Төрийн өмчит “IRIB” агентлаг мэдээллээ.

ОХУ-ын Төрийн өмчит “VTB” банк Украины дайны улмаас АНУ, Европын Холбоо, Их Британийн хоригт өртсөн юм. Техран болон Москва олон улсын хоригуудын эсрэг хариу арга хэмжээ авахын тулд эдийн засаг, батлан хамгаалахын түншлэлээ гүнзгийрүүлж байгаа аж. Тухайлбал:  хоёр улсын хамтарсан газрын тосны своп хэлцэл, төмөр замын төслүүд, зэвсгийн худалдаа, төлбөрийн системийн интеграци эрчимтэй нэмэгдэж байна.

Өнгөрсөн долоо хоногт Вашингтон Иран болон ОХУ-ын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа гүнзгийрч буйд санаа зовж байгаагаа мэдээлсэн юм. Тухайлбал: Иранд үйлдвэрлэсэн ‘kamikaze’ дроныг ОХУ Украин дахь дайндаа ашиглаж байгаа аж.

“VTB” банк нь БНХАУ, Итали, Киргизстанд оффистой бөгөөд БНХАУ болон БНЭУ-д албан ёсны салбартай. Иран болон ОХУ-ын Төв банкнууд барууны хориг арга хэмжээний улмаас SWIFT зэрэг олон улсын санхүүгийн системээс тусгаарлагдаад байгаа юм.

Нэгдүгээр сард хоёр улсын Төв банк үндэсний банк хоорондын харилцаа холбоо, шилжүүлгийн системээ холбох гэрээ байгуулсан байна. Энэ хүрээнд Ираны банкнуудын 52 салбар ОХУ-ын 106 банктай SEPAM банк хоорондын телеком системийг ашиглан холбогдох аж.

BLOOMBERG.TV