Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Харзаг багийн “Улаан хошуу” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 250 км-т, сумын төвөөс урд зүгт 70 км-т/ Суудлын автомашин шатсан тухай мэдээллийг 05.24-ний өдрийн 17:30 цагт хүлээн авсан. Өмнөговь аймгийн Баян-Овоо сумаас тус багийн “Улаан хошуу” гэдэг газрын чиглэлд 5 зорчигчтой (1 нь хүүхэд) зорчиж явсан “УАЗ-452 Фермер” загварын автомашин 05.23-ны өдрийн 19:45 цагт шатсаны улмаас Б /2 настай, эрэгтэй/-ийн 2 гарын сарвууны хэсэг бага зэрэг түлэгдсэн тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.
Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол багийн Түшээ гүн гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 137 км-т, сумын төвөөс баруун зүгт 15 км-т/ Амбаар шатсан тухай мэдээллийг 05.25-ны өдрийн 06:25 цагт хүлээн авсан. 5х6 метрийн хэмжээтэй 2 амбаар 05.25-ны өдрийн 02:30 цагт шатсан тул орон нутгийн иргэд унтраасан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.
Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул багийн /аймгийн төвөөс урд зүгт 10 км-т, сумын төвөөс баруун зүгт 16 км-т/Гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.24-ний өдрийн 11:47 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ын 5 ханатай гэр шатаж байсныг 4 минут ажиллаж унтраасан.
Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Төв багийн Далай-н 14 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.25-ны өдрийн 01:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх, салбарын алба хаагчдыг очиход иргэн Б-ын 5 ханатай гэр шатаж байсныг унтраасан. Уг гал түймэрт тус сумын иргэн Р /76 настай, эрэгтэй/, Т /8 настай, эмэгтэй/ нар өртөж нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 1 дүгээр гудамжинд гал тогооны өрөө шатаж байна гэсэн дуудлагыг 05.24-ний өдрийн 02:09 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 40х30 метрийн хэмжээтэй гал тогооны өрөөнд эд зүйл, агааржуулалтын хуванцар хоолой шатаж байсныг унтраасан. Утаажилтын бүсээс 32 иргэнийг гаргаж, 5 иргэн бага зэрэг угаартсан байсныг НТТТ-д шилжүүлэн өгсөн.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дугаар хорооны “Тахилт”-ын 4 дүгээр гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.25-ны өдрийн 02:30 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход эзэнгүй 3х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 15 минут ажиллаж унтраалаа.
Хаврын хуурайшилтын улирал эхэлчихсэн, салхи шуургатай байгаа нь түймэр гарах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Иргэн та санамсар болгоомжтой байж, болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжлээрэй.
Эх сурвалж: ОБЕГ