ҮХНӨ: Нэмэгдэхүүний байрлалыг солих биш нийлбэр дүнг өөрчилье!

Үндсэн хуулийн  21 дүгээр зүйлийн нэг дэх хэсэг “УИХ нэг танхимтай, далан зургаан гишүүнтэй байна” гэдгийг “УИХ-ын гишүүдийн далан зургааг мажоритар, далан зургааг пропорционал аргаар сонгоно” гэж өөрчлөхөөр Засгийн газар төслөө тавдугаар сарын 3-нд УИХ-д өргөн барьсан.  Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хамгийн багадаа 45 хоног хэлэлцэж батлах ёстой.

Анх ажлын хэсгийнхний хүн амын тоо, эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжил зэргийг үндэслэн  гурван төрлийн тэгштгэлээр бодож гаргасан 152 гэх тоог улстөрийн намууд, УИХ-ын гишүүд, олон нийт дэмжээгүй тулд 126 дээр бууснаа МАН, АН, ХҮН намаас мэдээлж байсан.  УИХ-аар  126 гишүүнтэй, сонгуулийн холимог тогтолцоотой байх, үүний 60 хувийг нь тойргоос, 40 хувийг нь жагсаалтаар сонгох үгүйгээ энэ долоо хоногт эцэслэнэ.    Тоо бол зөвхөн тоо биш. Тоо нь хулгай, дээрмийг цэвэрлэх математик аргачлал. Тогтолцоо нь хөгжил дэвшилд хүргэх системийн өөрчлөлт.  Нэг нь нөгөөтэйгөө шууд хамааралтай хоёр өөрчлөлтийг нэгэн зэрэг хийхгүйгээр нийлбэр дүнд өөрчлөлт гарахгүй. Монголд нэмэгдэхүүний байрлалыг солихоос илүү нийлбэр дүн нь өөрчлөгдөх орох чухал байна.  

Тоо

Монгол Улс 3.4 сая хүн амтай. 1992 онд шинэ Үндсэн хуулийг батлахдаа УИХ-ын гишүүдийн тоог тухайн үеийн нийт хүн амын тоонд үндэслэж, нэг гишүүн дунджаар 27 мянган иргэнийг төлөөлөхөөр тооцож, 76 гишүүнтэй байхаар эцэг хуульд суулгаж өгсөн байдаг. Тэгвэл өнөөдөр  нэг гишүүн дунджаар 45 мянган хүнийг төлөөлж байгаа нь тэр хэрээр кнопных нь эрх мэдлийг парламентад нэмэгдүүлж байна гэсэн үг. 

Үүний зэрэгцээ одоогийн нөхцөлд нэг байнгын хороо 19 гишүүнтэй, тухайн гишүүн гурван байнгын хороонд харьяалагддаг, мэргэжлийн байнгын хороонд мэргэжлийн бус гишүүн харьяалагддаг. Мөн цөөн гишүүний кнопоор хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийддэг  сул талтай.  Гурван сая хүний хувь заяаг 39 гишүүн шийдэж байгаа нь Монголын зовлон болсон. Яаж ч бодсон 39 хүн Монголын нийт иргэдийн төлөөлнө гэдэг боломжгүй.  Энэ талаар улс төр судлаач Д.Бумдарь тайлбарлахдаа “Маш энгийнээр хэлбэл, иргэдийн аж амьдралд нөлөөлдөг хууль батлагдах процессыг хянах явдал маш сул байгаа. Байнгын хороо 12-оос 19 гишүүнтэй. Үүний 50-иас дээш хувийн ирц бүрдэхэд хуулийн төсөл батлагдах боломжтой байдаг. Хамгийн багадаа долоон гишүүн иргэдийн амьдралд шууд нөлөөлөх хуулийн төслийг батлаад явбал эцсийн эцэст хүртэх үр дагавар нь иргэдийн нуруун дээр унана. Энэ талаас нь харах хэрэгтэй” гэсэн нь тодорхой судалгаа, бодит үндэслэл дээрээс хийсэн дүгнэлт биз. 

“2019 оны ҮХНӨ-өөр УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох санал орж ирсэн боловч АН-ын бүлэг чуулганыг хаяж гарснаас энэ асуудал дутуу үлдсэн. Дутуугаа гүйцээх гэж байгаагаас биш дахин дахин ҮХНӨ хийх гээд байгаа асуудал биш” гэсэн УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үг үнэний ортой. 2019 онд ҮХНӨ-ийг хийхэд АН оролцоогүй, бүлэг нь чуулганы хуралдааны хаяж улс төр хийсэн, өнөөдөр жагсаалтыг 60:40 гээд хувийн тоглолт хийгээд сууж байгаа нь худлаа биш. 

 

Тогтолцоо

Сонгуулийн тогтолцоо нь сонгогчдын саналыг парламент хуваарилах, засгийн эрх барих аргачлал юм.  Судлаачдын дүгнэлтээр “Сонгуулийн тогтолцоо бол сонгууль ямар болох, парламент яаж бүрдэхээс гадна улс төрийг төлөвшүүлэх, сонгогчдын боловсролыг дэмжих, улс төрийг мөнгөнөөс хамааралгүй бодлогын өрсөлдөөн болгох гол хөшүүрэг” аж. Энэ хөшүүрэг нь пропорциональ тогтолцоо.  Мөнгөөр биш бодлогоор уралддаг болъё гэвэл мажоритараас пропорциональ тогтолцоо руу шилжихээс өөр арга замгүй. Бидний үлгэр дууриалаа болгодог, Японы парламент холимог тогтолцоотой.

Мажоритар тогтолцооны сул тал нь сонгогчдын санал маш их гээгддэг. Улс төрийн жижиг намууд парламентад суудал авч чадахгүйд хүрдэг. Нэг намын дарангуйлал тогтох эрсдэлтэй.  Парламент дахь намуудын харьцааг тэнцвэргүй байдалд хүргэдэг. Жишээ нь, 2020 оны сонгуулиар МАН 50 хүрэхгүй хувийн саналаар 62 суудалтай, үнэмлэхүй ялалт байгуулсан.  

Улс төр судлаач С.Болдсайханы тайлбарлаж бичсэнээр “Санал ихээр гээгдэх нь иргэд сонгуульд итгэхээ больж, сонгуулийн ирцийг бууруулах сөрөг нөлөөтэй.Сүүлийн жилүүдэд сонгуулийн тогтолцооны талаар мэдлэггүй, сонгуульд ялагдаж гонсойсон улс төрчид сонгуулийг шударга бус явагдсан гэж дайрах, санал худалдаж авсан, санал тоолох төхөөрөмжийг хакердсан гэх мэт баримт нотолгоогүй мэдэгдэл хийх болсон нь олон нийтийн сонгуульд итгэх итгэлийг үгүй хийхэд нөлөөлдөг” аж. 

Үндсэндээ хоёр ч ҮХНӨ-ийг Г.Занданшатар өлгийдөж авсан нь түүх болж үлдэнэ, гарцаагүй.

Б.БАТ