“АЙМАР” А.НАРАНТУЯА МАЛ ЭМНЭЛГИЙН ДАРГААР ҮЛДЭХ ҮҮ?

Хэдэн жилийн өмнө нийтлэлч П.Хашчулуун “Өдрийн сонин”-д “Аймар эмэгтэйтэй агентлаг” нэртэй нийтлэл хэвлүүлж байлаа. Хэн нэгнийг нэр цохож заалгүйгээр төрийн дунд шатанд бэрс гарчихсан нэгэн агентлагийн удирдах алба хашиж буй эмэгтэйн тухай өгүүлсэн энэ нийтлэл тухайн үедээ маш том сенсаац тарьсан юмдаг. Төрийн агентлаг болгонд “Энэ яг манай тэр даргын тухай биччихэж…” гэсэн шивэр авир хийсэн яриа тасрахаа байж, эцэст нь П.Хашчулуун “Аймар эмэгтэйгүй агентлаг алга” гэж хоёр дахь нийтлэлээ хэвлүүлсэн түүхтэй.

Эндээс төрийн албыг хувийн компани шигээ боддог, төсвийн хөрөнгийг дураар хумсалдаг, дархлагдчихсан, даварчихсан “аймар эмэгтэйчүүд” Монгол төрд олон байдгийг хүмүүс мэдэцгээж авсан. Дунд шатанд удирдах алба хашиж буй тэдгээр хүмүүс шинээр томилогдож ирсэн сайдыгаа нүүдлийн шувуу гэж нэрлээд, “Чи явна, би үлдэнэ” гэх хандлагаар ажилдаа ханддаг аж. Томилсон даргадаа үнэнч   байхыг төрд үнэнчээр зүтгэж байна гэж үздэг. Үнэндээ тэдний зөв байдаг. Тэд төсвийн хөрөнгийг дураар шамшигдуулж, төрийн ажлыг нурааж орхидог ч ял зэм хүртэнэ гэж үгүй ажгуу.

Ийм хүмүүсийн тод жишээ, гол төлөөлөгч болсон нэгэн хүнийг энэ удаад танилцуулъя. Тэр бол Мал эмнэлгийн ерөнхий газар (МЭЕГ)-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Нарантуяа.

А.Нарантуяаг хүмүүс андахгүй. Одоогоос нэг жилийн өмнө Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргаар ажиллаж байхдаа төсвийн хөрөнгийг хувьдаа завшсан хэргээр нэг сар цагдан хоригдож буй тухай мэдээлэл нь цацагдаж байсан хүн. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, төсвийн хөрөнгө хувьдаа шамшигдуулсан гэж “хэргийг нь боож” байв. Гэвч тэд өдгөө ял зэм сонсох бус, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдоод зогсохгүй хэдхэн хоногийн дараа жинхлэхээр яваа юм байна.

Ноцтой нь түүний ажлын намтар нь дандаа алдаа завхралтай холбогдсон байхад салбар бүрийн сайд нар дэмжиж буй нь хачирхалтай.

А.Нарантуяа гэж чухам хэн бэ? гэдгээс цухас танилцуулах нь зүйтэй байх. Нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга байхдаа ноцтой асуудалд орж явсан хүн яаж яваад МЭЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч болчихоод, одоо жинхлэхийг горилоод сууж байгаа вэ? Ерөөсөө л ураг төрлийн дэмжлэг гээд хэлчихэд үнэнээс огт зөрөхгүй байх. Тэр төрд бол шалгарчихсан удирдах албан тушаалтан ч биш. 2013 оноос Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байгаад есөн жилийн дараа л арайхийн төрийн албаны шалгалтандаа тэнцсэн байдаг. Гэвч Төрийн албаны тухай хуулийн эрхэлсэн түшмэлийн шаардлага хангахгүй, авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдож шүүхээр шийдвэрлэгдэхээр хүлээгдэж буй тэрээр албан тушаалын өөд крандуулж буй нь нөхөртэй нь холбоотой. Түүний нөхрийг Цэрэндоржийн Амарсайхан гэдэг бөгөөд Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнгийн хүн гэгддэг Барилгын хөгжлийн төвийн захирал Цэрэндоржийн Амарсанаагийн төрсөн ах юм. Энэ л А.Нарантуяагийн энэ албан тушаал руу өгсөх гол шат нь юм.

Түүнээс ажлын намтар нь ч авах юм байхгүй. АТГ-аас 2020 оны 06 сарын 22-ны өдрийн мэдэгдэлээр А.Нарантуяаг авилга, албан тушаалын хэрэгт холбогдон яллагдагчаар татагдсан өнөөдрийг хүртэл шийдвэрдэгдээгүй байгаагаас яав ч төрд тэнцэх хүн биш нь нотлогдоно. Явсан зам, гаргасан жим нь ч үүнийг нь гэрчилнэ. Одоо түүнтэй холбоотой ноцтой баримтуудаас хэдхэнийг нь танилцуулъя.

Баримт 1.

Тас.mn сайтад мэдээлснээр А.Нарантуяа НЭМГ-ын даргаар ажиллаж байх үедээ дараах хэргийг өдүүлжээ. Тодруулбал, нийслэлд малын гоц халдварт өвчин оруулахгүй хэмээн хотын ойр орчмын шалган нэвтрүүлэх товчоодод мал эмнэлгийн газрын ажилтнууд автомашинуудын дугуй руу ариутгалын бодис цацан, нэг тээврийн хэрэгслээс 1000 төгрөгийн хураамж авдаг билээ. Уг хураамж нь НМЭГ-ын дансанд ордог бололтой. Эх сурвалжуудын мэдээлснээр тус газрын дарга А.Нарантуяаг ариутгалын хураамжийн орлогоос эрх мэдлээ урвуулж, 40 сая төгрөг завшсан, өөртөө давуу байдал олгосон хэмээн НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон” гэх үндэслэлээр яллагдагчаар тооцон шүүхэд шилжүүлсэн юм байна.

Баримт 2.

Нийслэлийн мал эмнэлгийн газрын дарга байхдаа АТГ-т хэрэг нь нээгдэж байсан А.Нарантуяа МЭЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон дариудаа ч дахиад л бөөн будлиан хутгаж орхисон байна. Тодруулбал, малын гоц халдварт мялзан өвчнөөс сэргийлэх вакциныг ХХААХҮЯ 2023 оны тавдугаар сард Иордан улсаас импортоор оруулж ирсэн байна. Уг вакцин нь Монгол Улсын малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй бөгөөд энэ нь Монгол Улсад хэрэглэх эсэх нь тодорхойгүй буюу зөвшөөрөгдөөгүй гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, тус вакциныг Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лабораторид шинжлээгүй, шинжилсэн дүгнэлт нь гараагүй гэсэн үг. Ийм вакцин импортлох, худалдан авах нь өөрөө хуулиар хориотой. Гэтэл А.Нарантуяа дарга Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 24 дүгээр зүйл, Эм эмнэлгийн хэрэгсэлийн хуулийн 22.1, 22.2 дахь заалтыг зөрчин Монгол Улсад хүний болон мал эмнэлгийн зориулалтаар хэрэглэх эм, эмнэлгийн хэрэгслийн чанарын баталгаажуулалтыг холбогдох хууль тогтоомжийн дагуу хийлгэсэн байх гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.

Гэтэл ийм вакциныг ХХААХҮЯ болон МЭЕГ шууд гэрээ байгуулан 1 тун вакциныг 237 төгрөгөөр буюу нийт 20 сая тунг 4 тэрбум 740 сая төгрөгөөр худалдан авсан байна. Энэ бол Гааль болон НӨАТ ороогүй үнэ шүү. Хэдийгээр шууд худалдан авах боломжтой боловч малын эмийн бүртгэлд бүргэгдээгүйн дээр 1 тун вакциныг 237 төгрөгөөр шууд гэрээ байгуулан авсан нь цаад талдаа маш ноцтой “асуудал”-тай байх магадлалтайг мэргэжлийн хүмүүс ярьж байна.

Баримт 3.

Мал амьтны гоц халдварт мялзан, шүлхий, хонины цэцэг, үхрийн арьс товруулах өвчний гаралт Монгол Улсын бүх аймагт тархан өвчний нөхцөл байдал маш хүнд нөхцөлтэй байгаа. Өнөөдрийн байдлаар бог малын мялзан өвчин ихэнх төвийн аймагт гарчихсан. Бүртгэгдээгүй аймаг бараг алга. Булган, Архангай, Дундговь… гээд л жагсаалт үргэлжилнэ. Мөн хонины цэцэг, гахайн африкийн мялзан, үхрийн арьс товруутах өвчин ч тархмал байна.

Энэ бол үндсэндээ мал амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэх чадамжгүй удирдлагатай шууд холбоотой. Өөрөөр хэлбэл, А.Нарантуяагийн ажилд өгч буй бодит үнэлгээ. Өвчлөл газар авч мал амьтны гоц халдварт өвчний гаралт, тархалт хяналтаас гарсан байгааг “толгой”-гоороо хариуцах ёстой хүн нь А.Нарантуяа юм. Ноцтой нь мал амьтны энэхүү өвлчлөөс болж Монгол Улсаас бусад улс оронд мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн экспортлох асуудал 5-10 жилээр ухарч дулааны аргаар үйлдвэрлэсэн махан бүтээгдэхүүн экспортлохоос өөр аргагүй байдалд хүрсэн байна.

Баримт 4.

Тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэж монгол ардын зүйр үг бий. Тун чиг оноод хэлчихсэн үг. Сайддаа саймшрах гэсэн тэрбээр Дорнод аймгийн малчдыг яаж “Чадсан”-ыг ярьж өгье. Бусад аймаг руу явуулалгүй, зөвхөн Дорнод руу үхрийн арьс товруутах өвчнөөс сэргийлсэн вакцин ачуулсан үүрэг гүйцэтгэгч ёстой л ухаангүй ноёны урагшгүй албатын үлгэрийг давтжээ. Учир нь, Дорнод аймаг руу ачуулсан вакцин нь үхрийн арьс товруутах өвчнөөс сэргийлэх вакцин биш бог малын мялзан өвчнөөс сэргийлэх вакцин байж таарчээ. Арьс товруутах өвчнөөс сэргийлэх вакцин хэмээн ирсэн вакцин нь үнэн хэрэгтээ бог малын мялзангийн эсрэг вакцин байсан бөгөөд дээрээс ирсэн тамга тэмдэг, лац ломбод итгэсэн орон нутгийн малын эмч нар үүнийг нь 2000 үхэрт хийчихэжээ.

Баримт 5.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “5Ш” ажиллагаа зарлаж, төрийн албыг авлига, ашиг сонирхлоос салгах гэж хичээж байна. Энэ хүрээнд нүүрсний хулгай, Хөгжлийн банк, Боловсролын зээлийн сангийн асуудлыг сөхөж тавьсан. Удаад нь төрийн худалдан авалт буюу тендерийн асуудлаар “бөмбөг тэслэх”-ээ мэдэгдээд буй. Тэгвэл энд нэг ноцтой баримтыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нарын сонорт хүргэе.

Дээр цухас танилцуулаад өнгөрсөн А.Нарантуяагийн нөхөр Ц.Амарсайхан нь барилгын компанитай. Бас компаниараа дамжуулж төрийн тендер авдаг нэгэн. Тухайлбал, 2016  онд Өмнөговь аймгийн Ханбогд суманд “Говийн оюу сан”-гийн хөрөнгө оруулалтаар баригдсан “Малын эрүүл мэндийн төвийн барилга” барьсан, 2021 онд Мал эмнэлгийн ерөнхий газрын харъяа Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын лабораторийн барилгын тендерийг авсан байгаа. МЭЭСБУЛ-ийн барилга одоо хүртэл дуусаагүй байгаа бөгөөд хуулийн дагуу барилгын ажлыг хүлээж авах газар нь Мал эмнэлгийн ерөнхий газар. Өөрөөр хэлбэл, МЭЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Нарантуяа төрийн нэрийн өмнөөс өөрийн нөхрийн барьсан барилгыг хүлээн авах гээд сууж байна. Энэ бол ашиг сонирхол нэвт ханхалсан асуудал биш гэж үү?

Баримт 6.

А.Нарантуяагийн хувийн ашиг сонирхол нь хэтийдсэн жишээ өөр олон байна. Одоо нэгийг нь сөхье. МЭЕГ нь компаниудад мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох хүсэлтийг хүлээн авч дамжин тээвэрлэх зөвшөөрөлийг ОХУ, БНХАУ-ын мал эмнэлгийн байгууллагаас авдаг. Энэхүү транзит тээврийн зөвшөөрөл ирсний дараа мал, амьтны түүхий эд бүтээгдэхүүнийг Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторит шинжилгээ хийлгүүлэн Мал эмнэлгийн олон улсын гэрчилгээ-г олгодог байна. Одоогийн МЭЕГ-ын даргын үүргийнг түр орлон гүйцэтгэгч А.Нарантуяагийн хамаарал бүхий /нөхрийн компани/ “Билэгт багана” ХХК нь Молгол Улсаас БНСУ, Хонгконг  руу нэн ховор бугийн ясан эвэр экспорлодог бөгөөд ОХУ-аар дамжуулан тээвэрлэх хүсэлт, транзит хийх зөвшөөрөл, олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг нөхөр нь хүсэлт гаргаж эхнэр нь гарын үсэг зурж олгожээ. Өөрөөр хэлбэл МЭЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Нарантуяа өөрийн нөхрийн компанид транзит зөвшөөрөл, олон улсын гэрчилгээг бичиж өгч МЭЕГ-ын харъяанд байдаг УМЭАЦТЛ-иор шинжилгээ хийлгэдэг гэсэн үг юм. Магадгүй А.Нарантуяагийн нөхөр Цэрэндоржийн Амарсайхан өөрийн дүү болох Байгаль, орчин аялал жуулчлалын яамны газрын дарга дүү Цэрэндоржийн Уранчимэгээр дамжуулан нэн ховор бугын ясан эвэр экспорлодог гэсэн хардлага байгаа нь ч хараанд өртөж шалгах л зүйл.

Мөн уяачид, компаниуд бусад улс орноос адуу импортоор оруулж ирэхдээ мэргэжлийн буюу мал эмнэлгийн ерөнхий газраас холбогдох журам, дүрмийн дагуу зөвшөөрөл авч оруулдаг. Гэтэл МЭЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Нарантуяа өөрийн нөхрийн компани болох “Билэгт багана” ХХК-иараа дамжуулан адуу импортоор оруулдаг бөгөөд эхнэр нь зөвшөөрөл өгөөд нөхөр нь импорт хийдэг болж байна.

Эх сурвалж: 24tsag.mn