Улсын Ерөнхий прокурорын газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ПРОКУРОР-СЭТГҮҮЛЧ” сургалт 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр боллоо. Прокурорын байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, Эрүүгийн болон Зөрчлийн хуульд заасан аливаа хэргийн талаар олон нийтэд мэдээлэхэд анхаарах асуудлын хүрээнд сэтгүүлчдийг чадавхжуулах зорилготой энэхүү сургалт нь 4 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.
Энэ удаагийн сургалтыг “Авлига, албан тушаалын гэмт хэргийн онцлог” сэдвийн хүрээнд зохион байгуулсан ба Улсын Ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн захирал, хууль зүйн ухааны доктор Б.Бат-Орших, Улсын Ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн хяналтын прокурор, хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаа, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Ч.Жаргалбаатар, Улсын Ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн ахлах прокурор Ш.Одонсүрэн, Нийслэлийн прокурорын газрын шүүхэд Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн дарга, ахлах прокурор Х.Батчимэг, Улсын Ерөнхий прокурорын газрын Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаа нар хийлээ.
Сургалт хийсэн прокурор, комиссар нар авлига албан тушаалын гэмт хэрэг далд хэлбэрт үйлдэгддэг учир нотлоход урт хугацаа шаарддагдаг гэдгийг сургалтын үеэр онцолж байв. Авлига албан тушаалын гэмт хэрэгт дандаа төрийн дээд болон дунд шатны 45-65 насныхан холбогддог аж. Мөн хүйсийн хувьд эрчүүд ихэвчлэн холбогддог байна. Энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт жилээс жилд өсч буй ч гаралт ч мөн буурахгүй байгаа аж.
Сургалтын төгсгөлд сэтгүүлчид багт хуваагдаж авлига албан тушаалын хэргийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх, холбоо хамаарлыг нь тогтоох, нийтийн эрх ашиг, улсад учирсан хохирлын хэмжээг тооцох сонирхолтой даалгавар дээр ажилласнаар өндөрлөв.