С.БАТДӨЛ ӨМГӨӨЛӨГЧӨӨСӨӨ ТАТГАЛЗСАН ҮНДЭСЛЭЛЭЭР ШҮҮХ ХУРАЛДААНЫГ ХОЙШЛУУЛЛАА

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч С.Батдөл, Б.Эрдэнэхүү, Д.Адьяацэрэн, С.Баттулга, Б.Энхмандах, Ж.Багамонгол, Р.Дашбилэг нарын 7 хүнд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 09 цаг 00 минутад эхлэхээр товлосон.
Шүүгдэгч С.Батдөл нь хоёр өмгөөлөгчтэйгөөс өнөөдрийн шүүх хуралдаанд хүрэлцэн ирсэн өмгөөлөгч С.Мөнхтулгаас татгалзаж, өвчтэй гэх шалтгаанаар ирээгүй өмгөөлөгч Д.Амаржаргалтай оролцох хүсэлт гаргалаа.
Иймд шүүгдэгч С.Батдөлийн хуульд заасан өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангаж, шүүх хуралдааныг 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 09 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв.
Дараагийн шүүх хуралдаан эхлэх хүртэл шүүгдэгч С.Батдөлд урьд авсан цагдан хорих, бусад нэр бүхий 6 шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээтэй давхардуулан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэв.
БАЯНГОЛ, ХАН-УУЛ, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР