Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францисын монголчуудад хандаж хэлсэн үг

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис нар олон нийтэд хандаж үг хэллээ. Уншигч та бүхэнд Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францисын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе. 


ГЭГЭЭН ШИРЭЭТ УЛСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН ПАП ФРАНЦИС:

Эрхэм хүндэт ноён Ерөнхийлөгч,

Эрхэм Улсын Их Хурлын дарга,

Эрхэм Ерөнхий сайд,

Засгийн газрын гишүүд, дипломат төлөөлөгчид,

Иргэний болон шашны байгууллагын хүндэт төлөөллүүд,

Соёлын ертөнцийн нэрт төлөөлөгчид,

Хатагтай, ноёд оо.

Халуун дотноор хүлээн авч, сайхан үг хэлсэн эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд талархал илэрхийлье.

Энд хуран цугласан эрхэм хүндэт Та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Танай сайхан өргөн уудам нутгийг зорин ирж, “айлчлал” гэдэг үгийн утга учир, мөн чанарыг бүрэн дүүрэн ойлгож, эрхэмлэн дээдэлж ирсэн ард түмэнтэй учран золгож байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг билээ.

Би та бүхэнтэй итгэл хүндлэл дүүрэн уулзан золгож, Монголын үзэсгэлэнт тал нутагт тодрон үзэгдэх, нүүдэлчдийн өнө эртнээс уламжлан ирсэн орд цагаан өргөө гэрт анх удаа морилон саатаж дотносон танилцаж байгаагаар төсөөлж байна.

Энхийг эрхэмлэн эргэл мөргөлөөр замнан яваа санваартан миний бие Та бүхний хүмүүнлэг ёс, найрсаг зан аальд хөгжин, талархан баясах хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн, зүрх сэтгэлдээ аз жаргалыг тээж, амар амгаланг өвөрлөн ийнхүү өргөө гэрийн тань үүдэнд хүрэлцэн ирлээ.

Бид анд нөхдийнхөө гэрт зочлон ирэхдээ мэндийн бэлгээ солилцож, эртний түүхээ эргэн дурсдаг сайхан уламжлалтай.

Монгол Улс болон Гэгээн Ширээт Улсын хооронд орчин үеийн дипломат харилцаа тогтоосон нь саяхан мэт боловч энэ жил хоёр тал харилцан зөвшилцөж гарын үсэг зурсны 30 жилийн ой тохиож байна.

Эрт цагт, 777 жилийн тэртээ, 1246 оны наймдугаар сарын сүүлч, есдүгээр сарын эхээр Папын элч санваартан Жон Плано Карпини Их Монгол Улсын гуравдугаар хаан Гүюг хаанд бараалхаж, Пап IV Иннокентийн албан бичгийг гардуулж байсан.

Удалгүй Их хааны монгол бичгээр сийлсэн тамгатай хариу бичгийг олон хэлээр орчуулан илгээсэн нь эдүгээ Ватиканы номын санд хадгалагдаж буй. Өнөөдөр би энэхүү албан бичгийн дэвшилтэт технологиор дээд зэргийн чанартайгаар үйлдсэн албан ёсны хуулбарыг хүндэтгэлтэйгээр бэлэг болгон өргөн барьж байна. Энэхүү бэлэг өнөө цагт өргөжин тэлж буй эртний найрамдалт харилцааны бэлгэ тэмдэг болох болтугай.

Би танай хөдөө нутгийн хүүхдүүд өглөөний наран мандахад алсад бэлчих мал сүргээ өргөө гэрийнхээ үүдээр ажиглан тоолж, аав, ээждээ хэлдэг гэж дуулсан.

Бид ч бас алсыг ширтэх адил, даян дэлхийн энгээр ойрыг бус, холыг харж байхын ач тусыг эрхэмлэж байх учиртай.

Талын нүүдэлчин амьдралд төрж, өргөн уудам газар нутагт тархан сууж, хөрш зэргэлдээх олон соёлоос ялгарах өвөрмөц онцлогтой байна гэдэг бол монгол гэрийн соёлоос суралцах зүйл их гэсэн үг юм.

Монголын энгүй уудам нутаг говь цөлөөс тал хээр хүртэл, тэгш өндөрлөгөөс Алтай, Хангайн их уулс, ой хөвч хүрч, гол мөрөн нь тохойрон урсаж, өндрөөс ажихад, эртний тансаг нэхмэл дээр сүлжин урласан чимэг хээ шиг, сэтгэл булааж, урин дуудах үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэн адил, бүхий л дэлхийн гоо үзэсгэлэн, сүр жавхланг тусган тольдох мэт санагдана.

Үеэс үед малчид, тариаланчдын уламжлан хөгжүүлж ирсэн, байгаль орчны тэнцвэрт байдлыг хүндэтгэх Та бүхний төрөлх сэцэн ухаан нь явцуу ашиг сонирхлоос татгалзаж, ирээдүй хойч үедээ газар нутгаа үржил шимт онгон төрхөөр нь өвлүүлэн үлдээх хүсэл эрмэлзэлтэй энэ цагийн хэн бүхэнд үлгэр дуурайлал болж байна.

Энэ нь загалмайтны шашинтан бидний Бурхны бүтээл, түүний өгөөмөр сэтгэлийн үр шим хэмээн ойлгодог байгаль дэлхийг хайрлан хамгаалж, хүндэтгэн талархаж, хариуцлагатай экологийн бодлогын алсын хараа, энэрэн нигүүлсэх соёл суртлыг баримтлан хүнээс үүдэлтэй хор хөнөөлийн эсрэг тэмцэхэд Та бүхэн тусалж байгаа хэрэг юм.

Монгол гэр бол орчин үед байгаль экологид хамгийн ээлтэй, хүрээлэн буй орчинд ямар ч хор нөлөөгүй, олон талын ач тустай орон сууц юм.

Цаашилбал, монголын уламжлалт бөө мөргөлийн цогц алсын хараа, хамаг амьтныг энэрэн нигүүлсэх Буддын гүн ухааны үзэл санаа нь эх дэлхийгээ хайрлан хамгаалах хойшлуулж болшгүй чухал үйл хэрэгт онцгой хувь нэмэр оруулж чадах билээ.

Хот, хөдөөгүй байгаа монгол гэр нь настан буурлууд хийгээд залуу хойч үеийн ахуй амьдралын хэвшлийг холбон, уламжлал хийгээд шинэчлэлийн үнэт шүтэлцээг нотлох мэт монгол үндэстний үе залгамжийн гэрч нотолгоо болж байна.

Эртнээс эдүгээ хүртэл танай ард түмэн үндэс угсаагаа хадгалахын зэрэгцээ сүүлийн хэдэн арван жилд дэлхий дахины ардчилал, хөгжлийн их сорилтод нээлттэй байж иржээ.

Өргөн хүрээний дипломат харилцаатай, Нэгдсэн Үндэстний Байгууллагын идэвхтэй гишүүн Монгол Улс өнөөдөр хүний эрхийг дээдлэх, энх тайвныг цогцлоохын төлөө хүчин чармайлтаараа Ази тивийн цээжнээ төдийгүй олон улсын тавцанд чухал үүрэг гүйцэтгэж байна.

Би энд та бүхний дэлхий нийтэд цөмийн зэвсгээс ангид улс болохоо зарлаж, цөмийн зэвсгийн тархалтыг зогсоох талаар баримталж буй шийдвэрийг онцлон тэмдэглэхийг хүсэж байна.

Монгол Улс бол энхийг эрхэмлэсэн гадаад бодлоготой, ардчилсан улс төдийгүй даян дэлхийн энх тайвны төлөө хувь нэмрээ оруулах эрхэм зорилго тээж яваа улс юм. Түүнчлэн цаазын ялыг халсан чухал алхам билээ.

Цаг уурын эрс тэрс уур амьсгалын алинд ч тохиромжтой монгол гэр монголчуудад янз бүрийн газар оронд оршин суух боломжийг олгосон бөгөөд энэ нь нутаг дэвсгэрээ үлэмж хэмжээгээр тэлсэн Монголын эзэнт гүрний түүх домогт цаг үед нотлогдсон байдаг.

Миний бие Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой тохиож буй энэ цаг үед Монгол Улсад зочилж байгаадаа баяртай байна.

Танай эзэнт гүрэн тийм хол, тийм олон янзын газар нутгийг хамарч, тэр их уудам нутаг дэвсгэр дээрх олон ард түмний онцгой авьяас чадварыг үнэлж, улс иргэнийг засан тохинуулах их албанд тохоон томилж байсан явдал бол танай өвөг дээдсийн гайхамшигт чадварын гэрч баримт юм.

Энэхүү арга ухаан бидний цаг үед ч үнэ цэнтэй хэвээр байгаа бөгөөд сэргээн хэрэглэх боломжтой.

Зөрчил мөргөлдөөнд нэрвэгдээд байгаа энэ дэлхийг тэнгэр ивээж, “Монголын их амар амгалан” цогцолж, аливаа зөрчил тэмцэл үгүй болсон байсан тэр нэгэн цаг үе шиг олон улсын хууль эрх зүй, хэм хэмжээг хүндэтгэн дээдэлж байх болтугай.

Монголчуудын “Үүл нүүж тэнгэр цэлмэнэ” гэж хэлдэг шиг, дэлхийн хаана ч байдаг ах дүү мэт зэрэгцэн орших хүсэл тэмүүллээр дайны хар үүл сарнин арилж, зөрчил тэмцэл яриа хэлцлээр шийдэгдэж, хүн бүрийн суурь эрх батжин бэхжих болтугай.

Арвин баялаг түүхтэй, тэнгэрт ивээгдсэн энэ улс орноос Дээд тэнгэр амар амгаланг соёрхон бэлэглэхийг эрэн хүсье, бүгд хамтдаа ирээдүйн энхийн төлөө хичээнгүйлэн зүтгэцгээе.

Монгол гэрт ормогц гэрийн орой дахь гэрэл гэгээ оруулж, тэнгэр огторгуйн гайхам сайхныг тольдон харуулдаг тооно бидний харааг булаадаг. Танай энэхүү уламжлалт аж төрөх байдал биднийг хараа дээгүүр, толгой цэх байх шалтгаан нөхцөл болж байгааг онцолмоор байна.

Хараа дээгүүр байж, Та бүхний өнөд дээдлэн шүтэж ирсэн мөнх хөх тэнгэр өөд харж байна гэдэг бол шашны сургаал номлолуудыг хүндэтгэн, уужуу бодлогоор хандана гэсэн үг юм.

Оюун санаа, сүсэг бишрэлийн торгон мэдрэмж танай соёлын мөн чанарын эд эс бүхэнд гүн гүнзгий оршдог учраас Монгол Улс шашин шүтлэгийн эрх чөлөөний бэлгэ тэмдэг байх нь аргагүй юм.

Хязгааргүй үргэлжлэх тэнгэрийн хаяаг тольдон харж, анир чимээгүй дотоод амар амгаланг дэлгэрүүлэх заяатай төрсөн танай ард түмэн оюун санааны торгон мэдрэмжийг төгөлдөржүүлэн хөгжүүлж иржээ.

Та бүхнийг хүрээлэн буй байгаль орчны тоо томшгүй олон юмс үзэгдлийн ер бусын сүр жавхлан та бүхний эгэл даруу зан чанарыг төрүүлж байгаа гайхамшигтай мэдрэмж, буруугаас ангид байх чадварыг тэтгэн хөгжүүлж байгаа юм.

Энэ ташрамд би олон шударга бус явдал хийгээд хэрэглэгчийн сэтгэлгээгээр хандаж байгаагаас болж буй өнөө цагийн аюул заналууд, өрөөл бусдыг үл хайхарч, ёс заншлыг үл тоож, хувиа хичээсэн аминч үзэлд хөтлөгдөж байгаад санаа зовниж байна.

Аливаа шашин шүтлэг дотоодын хагарал бутралгүй, өөрийн оюун санааны язгуур уламжлалаа хадгалж байсан цагт эрүүл, хөгжингүй нийгмийг бүтээн байгуулахад итгэж болох дэмжлэг болдог.

Ийм нийгэмд энх тайвнаар зэрэгцэн оршиж, төрийн бодлогын алсын хараа нь бүх нийтийн сайн сайхны төлөө илүү чиглэж байхын төлөө сүсэгтнүүд хичээн зүтгэдэг билээ.

Түүнчлэн шашин шүтлэг нь ямар ч хүний нийгмийн хөгжилд ноцтой аюул занал учруулдаг авлига хээл хахуулийн далд хөнөөлийн эсрэг хамгаалагч болж байдаг.

Авлига, хээл хахууль нь бүхэл бүтэн улс орныг сүйрүүлж мэдэх хэрэглээг чухалчилсан, ёс суртахуунгүй сэтгэлгээнээс үүдсэн уршиг урхаг бөгөөд амин хувийн ашиг сонирхлоо бодож, олноос зожгирч, тэнгэр өөд харах эрхгүй болж, ах дүүгийн өргөн харилцаанаас ангижран одохын цондон болдог юм.

Харин та бүхний өвөг дээдэс, эзэн хаад хараа дээгүүр байж, өргөн уудмыг тогтон тольдож байхыг соён сургасан билээ. Тэд олон янзын үзэл бодол, ахуй амьдралын туршлагыг холбон хослуулах онцгой ур чадварыг хөгжүүлж ирсэн.

Энэ нь олон шашин зэрэгцэн орших тохиолдолд ч мөн илэрч байв. Олон янзын ариун нандин зан заншил, уламжлалд энэхүү эв эеийг сахиж, өрөөл бусдыг хүндэтгэх үзлээр хандаж ирснийг эртний нийслэл Хархорум хотод Христийн болон өөр олон шашны сүсэг мөргөлийн газар оршин байсан явдал гэрчилнэ.

Ийм учраас, Та бүхэн оюун санааны болон шашин шүтэх эрх чөлөөнд хүрч, түүнийгээ Үндсэн хуульдаа дархалсан нь танай ард түмний хувьд жам ёсны зүйл гэлтэй.

Та бүхэн шашин шүтлэг хөгжлийг сааруулан саатуулдаг тул устгах нь зүйтэй гэж үздэг шашингүй үзлийг цус асгаруулалгүй даван туулж, өөр өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй сүсэгтнүүд хоорондын зохистой харилцааны тулгуур ач холбогдлыг хүндэтгэн хүлээн зөвшөөрч, хүн зоны ёс суртахууны болон оюун санааны хөгжилд хувь нэмрээ оруулж ирсэн билээ.

Энэ чиглэлд Монгол дахь католик шашныхан хувь нэмрээ оруулж байгаад баяртай байна. Эдүгээгээс 30 гаруй жилийн өмнө Монгол дахь католик шашныхан анх монгол гэрт үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өнөөдөр нийслэл хотод монгол гэрийг санагдуулам хэлбэр загвартай сүм хийдэд үйл ажиллагаагаа явуулж байна.

Энэ нь монгол дахь католик шашны сүм хийд ахан дүүсийн хариуцлагатай үйл хэргийн төлөө Монголын ард иргэдтэй аж амьдрал, ажил хөдөлмөрөөрөө хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй байдгийн илэрхийлэл юм.

Монгол дахь католик шашны сүсэгтнүүд хэдий цөөхүүлээ боловч эв нэгдэл, шашин хоорондын яриа хэлэлцээ, харилцан хүндэтгэлийн соёлыг түгээж, нийгмийн шударга ёс, энх тайван, эв найрамдлын төлөө ажиллан, улс орны хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байгаад баяртай байна.

Монголын католик шашинтнууд гадаад улс орноос хүрэлцэн ирсэн, эмэгтэй, эрэгтэй, сахилтан, санваартнуудын тусламж дэмжлэгтэйгээр танай орны ард түмний сайн сайхны төлөө танай орны алсыг харсан, бодит хэрэгцээ шаардлагад нийцсэн хууль ёс, дүрэм журмын ачаар хүн ёсны хийгээд оюун санааны хувь нэмрээ ямар нэгэн хүндрэл бэрхшээлгүйгээр оруулж ирсэн юм.

Үүнд бид талархаж байгаа бөгөөд цаашид ч ийм нөхцөл боломж нээлттэй байна гэдэгт итгэж байна.

Монгол Улс, Гэгээн Ширээт Улс хооронд гэрээ байгуулах яриа хэлэлцээ үргэлжилж байгаа нь католик шашны сүм хийд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Тэдний үйл ажиллагаа шашны зан үйлээс гадна боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамж, судалгаа, соёлын дэвшил зэрэг хүний цогц хөгжлийн төлөөх олон санал санаачилгад чиглэсэн байдаг.

Тэдгээр санал, санаачилга нь даруу төлөв, элэгсэг дотно, эв найртай байх Есүсийн сургаал номлолын нотолгоо болж байдаг бөгөөд тус сургаал номлол нь католик шашинтнуудын амьдрал хэмээх аялалдаа даган мөрдөж, дэлхийн бусад ард түмэнтэй зэрэгцэн алхах зам мөр болдог билээ.

Энэ айлчлалдаа зориулан сонгон авсан “Хамтдаа итгэж найдацгаая” гэсэн бидний уриалга бүх нийтийн сайн сайхны төлөө харилцан хүндэтгэлтэйгээр хамтран ажиллах Та бидний их үйл хэргийн нөөц боломжийг тод томруун илэрхийлж байгаа юм.

Эртний сурвалжит оюун санааны уламжлалыг хадгалсан, дэлхийн бараг бүх улс оронд байдаг католик сүм хийдийн институт шинжлэх ухаан, утга зохиол, урлаг, улс төр, нийгмийн амьдралын олон чиглэлээр олон улс үндэстний хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсаар байна.

Монголын католик шашинтнууд тэнгэрт ивээгдсэн энэ агуу газар нутагт аж төрж буй Та бүхэнтэй харилцан зөвшилцөж, хамтран ажиллаж, элбэг хангалуун, амар тайван нийгмийг цогцлоох үйл хэрэгт бодит хувь нэмрээ оруулсаар байна гэдэгт итгэлтэй байна.

“Тэнгэр шиг бай” хэмээх шүлгээрээ алдарт яруу найрагч бид бүхнийг агшин зуурын мөн чанартай орчлонгийн хүлээснээс ангижран, оюун санаа, сэтгэл зүрхээ хаяа хязгааргүй Монголын цэлмэг хөх тэнгэр шиг уужуу тэнүүн байлгахыг уриалан зоригжуулсан байдаг.

Дэлхий дахин суралцах зүйл асар ихтэй танай оронд хүрэлцэн ирсэн эргэл мөргөлөөр замнагчид, зочид гийчид бид бүхэн энэхүү уриалгыг хүлээн авч, урам хайрласан үгийг нь ирээдүйн төлөөх бүх нийтийн яриа хэлцэл, энэрэл нигүүлсэл, алсын хараа зэрэгтээ бодитоор орчуулан хэрэглэхийг хүсэж байна.

Энд цохон тэмдэглэсэнчлэн, Монголын нийгмийг бүрэн дүүрэн танин мэдэж, хосгүй өвөрмөц энэ ард түмний гайхам сайхан, сурвалжит мөн чанараас дэлхий дахин үргэлжид үлгэрлэн суралцаж байх болтугай.

Та бүхэн ойр тойрныхоо зовлонг амарлиулах үйл хэрэгт босоо монгол бичиг шигээ чигч тууштай байж, хүн төрөлхтөнд хүмүүний мөн чанарыг үлгэрлэн сануулж, хөрст дэлхий хэмээх нэгэн гэртээ хөх тэнгэр шиг орших болтугай. Баярлалаа.