Цагдаагийн байгууллагаас 2021, 2022 онд мөрийтэй тоглоом зохион байгуулсан 179 хэргийг илрүүлжээ. Энэ эхний 8 сард л гэхэд мөрийтэй тоглоом зохион байгуулсан 66 гэмт хэргийг илрүүлж, 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлж, эцэслэн шийдвэрлэсэн байна. Мөн цахим орчинд хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан тоглоомын 437 веб сайтын мэдээллийг холбогдох байгууллагад хүргүүлж, хандах эрхийг нь хаалгажээ.
Сүүлийн жилүүдэд цахим мөрийтэй тоглоомд их хэмжээний мөнгө эргэлдэж, хууль бусаар олсон орлогынхоо эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор бусдын дансаар дамжуулан санхүүгийн эргэлтэд оруулж байгаа нь давхар мөнгө угаах гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Мөрийтэй тоглоомд донтох нь эд хөрөнгө, хадгаламж, бэлэн мөнгөө алдах, орон байраа барьцаалах, цаашилбал өр зээлд орж, сэтгэл санаагаар унаж, амиа хорлох хүртэл тооцож баршгүй хор уршиг дагуулж байна. Тиймээс иргэдэд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос сэрэмжлэх, үүнийг сонирхогч гэр бүл, найз нөхдөдөө үнэн бодит байдлыг тайлбарлан ойлгуулахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.