Шүүхийн ерөнхий зөвлөл, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах” төслийн багтай хамтран “Шүүхэд мэдээллийн технологийн ололт, амжилтыг нэвтрүүлэх хэрэгцээ шаардлага, боломж” хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулж байна.
Монгол Улсын шүүхийн мэдээллийн технологийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлыг хэлэлцэхийн зэрэгцээ гадаадын зарим улсын туршлага, сүүлийн үеийн ололт, амжилтыг нэвтрүүлэх талаар шүүх, хуулийн байгууллага, хамтран ажилладаг олон улсын байгууллагын төлөөллүүд мэдээлэл солилцож, бодлого тодорхойлогчдод санал зөвлөмж хүргүүлэх нь энэ удаагийн хэлэлцүүлгийн зорилго юм.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр Монгол Улсын шүүхэд мэдээллийн технологийн дэвшлийг ашиглаж, тодорхой амжилтад хүрснийг дурьдлаа. Тухайлбал, шүүхийн шийдвэрийг shuukh.mn цахим санд байршуулж, шүүхийн үйлчилгээнд гэрэгэ киоск төхөөрөмж ашиглаж эхэлсэн зэрэг ил тод байдлыг хангах алхамууд хийсэн. Мөн онлайн шүүх хурал, иргэн, эрүү, захиргааны хэргийн мэдээллийн нэгдсэн санг ашиглаж байгаа, “ХУР” нэгдсэн системээс 18 төрлийн лавлагаа, мэдээллийг шүүхэд ашиглахаар туршилт хийж эхэлсэн зэрэг цахим шүүхийн суурь тавигдсаныг мэдээлсэн. Цаашид цахим шүүх бүрдүүлэх хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлага байгааг мөн хэллээ. Шүүхэд мэдүүлэхээс эхлээд хэрэг маргаанаа шүүхээр шийдүүлэх хүртлэх үйл ажиллагаанд мэдээлэл технологийн хөгжлийг ашиглах нь цахим шүүхийн зорилго гэдгийг тэрбээр онцлов.
Хэлэлцүүлгийн үеэр шүүхийн ерөнхий зөвлөлийн мэдээллийн технологийн хэлтсийн дарга Д.Мөнхзориг, Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Ш.Одгэрэл нар Монгол Улсын шүүхийн мэдээллийн технологийн хөгжлийг танилцуулж, цахим шүүх бүрдүүлэхэд тулгамдаж буй асуудлын талаар илтгэл хэлэлцүүллээ. Цахим шүүх бүрдүүлэхэд хууль эрх зүйн орчноос гадна хүний нөөц, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зэрэг тулгамдсан асуудал байгааг мэдээлсэн юм.
Шүүхийн үйл ажиллагааг цахимжуулахдаа холбоотой эрх зүйн зохицуулалтад анхаарах асуудал, зарим улсын туршлагын талаар Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн дарга С.Билгүүн мэдээллээ. Тухайлбал, Эстони улсын цахим шүүхийн системийг танилцуулахдаа цахим хавтаст хэргийг цахим болон цаасан суурьтай байдлаар хадгалахыг хуульчилсан, цахим хавтаст хэргийн систем ашигладаг, цахим нотлох баримтыг ашиглах, цахимаар шүүхэд мэдүүлэхэд зардал бага байдаг зэрэг давуу талыг танилцуулав.
Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс Монгол Улсын шүүхэд мэдээллийн технологийн хөгжлийг ашиглахад багагүй хөрөнгө оруулалт хийсэн. Хамгийн сүүлд мэдээллийн аюулгүй байдлыг хангаж, хамгаалахад зориулж 1.5 тэрбум техник, технологийн хөрөнгө оруулалт хийсэн. Шүүх, хуулийн байгууллагуудыг цахимжуулах туршлага, баримталж буй бодлого, хэтийн төлвийн талаар Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах” төслийн Удирдагч Л.Заяа мэдээлэл хийсэн. Шүүхийг цахимжуулахад хүний нөөцөө бүрдүүлэх нь тулгамдсан асуудал болж байгааг тэрбээр онцлов.
Үүний дараа Цагдаагийн ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын үйл ажиллагаанд мэдээллийн технологийн дэвшлийг ашиглаж байгаа талаар хариуцсан албан тушаалтнууд нь мэдээлэл хийнэ.
“Шүүхэд мэдээллийн технологийн ололт, амжилтыг нэвтрүүлэх хэрэгцээ шаардлага, боломж” хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч болон шүүхийн захиргааны ажилтнууд оролцож байна. Мөн Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтын ажиллагаатай олон улсын болон төрийн бус байгууллага, хуульч, судлаачдын төлөөлөл хэлэлцүүлэгт урилгаар оролцож байна.
Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс