Архангай аймгийн байгалийн үзэсгэлэнт нутгийг зорин очих, баруун аймаг руу дамжин өнгөрөх гадаад, дотоодын жуулчдын тоо зуны улиралд эрс ихэсдэг. Энэ зун тус аймагт бороо хур ихтэй байсан бөгөөд аялал, зугаалгаар явж байсан иргэд аянгад цохиулах, өөрсдийн болгоомжгүй байдлаас болж хад хавцлаас унах зэргээр золгүй байдлаар амь насаа алдсан тохиолдол цөөнгүй гарсан байна.
Архангай аймгийн прокурорын газраас осол, эндэгдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор аймаг, сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлүүдэд мэдэгдэл хүргүүлж, голын гүн цүнхээл бүхий хэсэгт анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байршуулах зэрэг ажлыг эхлүүлж, үр дүнг тооцсон байна.
Сүүлийн жилүүдэд иргэд зөвхөн зуны улирал гэлтгүй бусад улирлын үед ч хөдөө, орон нутгаар аялах болсон.
Тиймээс иргэдийг амарч, зугаалж явах үедээ мэргэжлийн байгууллагуудаас өгсөн зөвлөгөө, зөвлөмж, сэрэмжлүүлэг, мэдээ мэдээлэлтэй танилцаж аюулгүй байдлаа хангаж байхыг анхааруулж байна.