Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга Эдийн засгийн сэтгүүчидтэй уулзаж Монгол Улсын боомтуудын өнөөгийн нөхцөл байдал, бүтээн байгуулалтын ажлууд, хүрэх үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.
Монгол Улсад нийт 39 боомттой. Өнөөдрийн байдлаар 28 нь үйл ажиллагаа явуулж байгаа аж. Үүний 6 нь агаарын боомт юм байна. ОХУ-тай авто зам болон төмөр замын 16 боомт, БНХАУ-тай 17 боомтоор хиллэж байгаа аж.
Тэрбээр “Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжүүлж буй. Эдгээр урт хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын нэг нь “Боомтын сэргэлт” юм. “Боомтын сэргэлт”-ийн хүрээнд зорчигч, ачаа тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх хатуу, зөөлөн дэд бүтцийг хөгжүүлэн, хүчин чадлыг дээшлүүлэх, улмаар экспортыг нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхээр Боомтын сэргэлтийн үндэсний хороо ажиллаж байна.
Мөн төмөр замын сүлжээг шинэчлэн сайжруулах, шинээр төмөр зам байгуулах, хилийн боомтуудыг хатуу хучилттай замаар холбох, онгоцны буудлуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, ачиж буулгах терминалууд байгуулах зэрэг нийт 6 багц төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм. Ачаа болон зорчигч нэвтрүүлэх хүчин чадал, урсгалыг нэмэгдүүлснээр экспорт, худалдааны эргэлт сайжирч, аялал жуулчлалын салбарыг дэмжихэд томоохон хөшүүрэг болно гэж дүгнэж байна” гэв.
Түүнчлэн Дорноговь аймгийн Замын-Үүд боомтыг 24 цаг ажилладаг болгох, Ханги боомтыг БНХАУ-ын олон улсын боомттой холбох яриа хэлэлцээр хийж байгаа аж. Хэрэв тус боомтуудын хэлэлцээр амжилттай болвол МУ-ын экспорт, импортын хэмжээ нэмэгдэж эдийн засагт ч эерэг нөлөө үзүүлэх юм гэдгийг ч онцолсон юм.