НӨАТ-ын буцаан олголтыг 2 хувиас 5 хувь болгож нэмэгдүүлэх асуудлаар иргэдийн саналыг УИХ цахим системээр дамжуулан авч, 100,000 гаруй иргэн ердөө 6 хоногт дэмжээд байгаа. Удахгүй УИХ-ын чуулганд танилцуулах товтой байгаа уг асуудлаар иргэд, судлаачид хэвлэлээр болон нийгмийн сүлжээний хаягаараа дамжуулан өөрсдийн байр сууриа идэвхтэй илэрхийлж байна. Нийгмийн сүлжээнд БАТИНЖЕНЕР нэрээр танигдсан иргэн Ц.Бат дараах байр суурийг илэрхийлжээ.
Ц.Бат – иргэн, @batengineer
НӨАТ анх үүсэхдээ л орлого бүртгэх хөшүүрэг болж гарч ирсэн болохоос нэмэлт татвар болж гарч ирээгүй. Буцаан олголтоо авахын тулд худалдан авалт хийж байгаа талын шахалтаар худалдагч тал орлогоо бүртгүүлэх механизм бол НӨАТ. НӨАТ-гүй болвол бусад татварт ноогдох орлого бүртгэгдэхээ бараг болино. Гэхдээ НӨАТ их байх нь худалдааг хумина. НӨАТ их, буцаан олголтын хувь бага байх нь НӨАТ-аас бултах үзэлдлийг хавтгайруулна. Сангийн яам нь НӨАТ-ын олз хөөж явж гол татварын орлогоо алдах аюул ингэж үүсдэг. Монголд НӨАТ 5% буцаан олголт 2% байхад бүх гүйлгээ (transaction) бүртгэгдэж орлогын албан татварын хэмжээ өндөр байх боломж бий. Манай Сангийн яамныхан НӨАТ-ын багахан олзны араас хөөцөлдөж байж улс орны гол татвар болох ашгийн татварын том орлогоо хорлоод байх шиг байна. Монголд НӨАТ бүрэн утгаараа ч ажилладаггүй. Учир нь боомтууд дээр НӨАТ-аа буцаан авч байгаа жуулчин нэг ч хараагүй. НӨАТ-ыг явуулын хүмүүст 100% буцаан олгодоггүй улсад жуулчлал хөгжих, жуулчид ЖДҮ-ийг хөгжүүлэх хэмжээний худалдан авалт хийхээр олон саяараа ирэх гэдэг бол бараг үлгэр шүү. Дараагийн сонгуулийн улс төрийн гол сэдэв бол НӨАТ, НДШ 2 байх ёстой. Энэ 2 л улс оронд ажлын байр нэмэгдэх хорогдохыг шийддэг. Ажлын байрны тоо ядуурлын асуудлыг шийддэг. Ядуурлын үзүүлэлт нийгмийн тогтвортой байдлыг шийддэг. Өөрсдөө л шийд. Өндөр татвар хувьсгал руу л чирнэ гэж мэдээрэй.