Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институт хүний эрхийн албаны дарга Mаттео Мекаччи, улс төрийн ахлах зөвлөх Фабризио Нава, эрх зүйт ёсны асуудал хариуцсан зөвлөх Каролин Хаммер нарыг 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд шүүх эрх мэдлийн тогтолцоо, шүүхийн шинэтгэлтэй холбоотой хуулийн төслүүдэд ЕАБХАБ санал, дүгнэлт, зөвлөмж өгдөг талаар Ардчилсан институт хүний эрхийн албаны дарга Mаттео Мекаччи уулзалтын эхэнд дурдаад шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангахад тулгамдаж буй асуудлын тухай санал солилцох, судлах зорилготойгоор Монгол Улсад ажиллаж байгаагаа танилцуулав. Мөн ЕАБХАБ-ын бүс нутгийн орнуудын дунд хэлэлцүүлэг, уулзалт зохион байгуулсны үр дүнд шүүхийн хараат бус байдал болон хариуцлагын талаарх тайлан, зөвлөмжийн баримт бичиг гаргасан талаар танилцуулж, сайн туршлага судлах боломжтойг онцолсон юм.
2021 оноос хэрэгжиж байгаа Шүүхийн тухай хуульд шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангахад үр дүнд хүрэхүйц зохицуулалт орсныг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа товч танилцуулав.
Шүүхийн шийдвэрийн үндэслэлийг олон нийтэд ойлгомжтой байдлаар тайлбарлах, үйл ажиллагааны талаар бодит мэдээллийг шүүхийн эх сурвалжаас нийтэд мэдээлэх нь чухал ач холбогдолтой байгаа, энэ талаар Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл хамтран тодорхой ажлууд хийж байгааг танилцуулж, санал солилцов.
Түүнчлэн Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимаас ирэх онд захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар олон талуудыг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ асуудлаар хамтран ажиллах боломжтой талаар ярилцав.
Улс төрийн намын тухай хууль шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан намын бүртгэлтэй холбоотой асуудлаар Европын холбооны гишүүн орнуудын хууль, эрх зүйн зохицуулалт, туршлагыг судлахад хамтран ажиллах талаар ярилцаж, хамтын ажиллагааны дээрх саналуудыг дэмжиж байгаагаа ЕАБХАБ-ын Ардчилсан институт хүний эрхийн албаны дарга Mаттео Мекаччи илэрхийлсэн юм.
Уулзалтад Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын II нарийн бичгийн дарга Э.Энэрэл, Улсын дээд шүүхийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны мэргэжилтэн Н.Басан нар байлцлаа.