Их хотын төвлөрлийг сааруулж, бүсчилсэн хөгжлийн загвараар аймаг, сумдад бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэн, орон нутагтаа ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх нь үйлдвэрлэлд чиглэсэн цогц бодлого, бизнес эрхлэгчдийг дэмжсэн уян хатан зохицуулалтаас эхтэй. Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлж, төр-хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, үйлдвэрлэлийг дэмжсэн хөрөнгө оруулалтын таатай орчныг бий болгож, орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор “INVEST BAYANKHONGOR: Хөрөнгө оруулалтын чуулган”-ыг зохион байгуулах гэж байна. Энэ сарын 15-нд Баянхонгор хотод болох уг чуулганаар Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, яам, агентлагийн удирдлагууд, БНХАУ-ын Ганьсү болон Ниншя Хуй мужийн төлөөллүүд оролцохоос гадна хөрөнгө оруулагч, үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчид нэгэн зэрэг чуулах юм. Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулж буй “INVEST BAYANKHONGOR – Хөрөнгө оруулалтын чуулган”-ы үеэр уул уурхай, барилга, дэд бүтэц, хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл, гадаад харилцаа зэрэг эдийн засгийн тулгуур салбаруудыг хамаарах бизнесийн таатай боломж, ирээдүйн үр өгөөж бүхий төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтуудыг танилцуулж, дотоод, гадаадын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийг дэмжин ажиллах санамж бичгүүдийг байгуулах юм. Түүнчлэн чуулганы үр дүнд нийслэлээс орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуй нэгж байгууллагыг нэгдсэн бодлого, тогтвортой хамтын ажиллагаагаар дэмжихээс гадна бүс нутгийн өрсөлдөх чадамж болон эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх ач холбогдолтой хэмээн үзэж байгаа ажээ.