Ж.Батсуурь: Сайд нараа ажиллуул, чадахгүй бол хариуцлага тооцооч ээ

УИХ дахь АН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. Тус бүлгийн өнөөдрийн хуралдаанд УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатараас мэдээлэл авч, цаг үеийн нөхцөл байдлыг хэлэлцжээ. Мөн ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууныг хуралдаанд урьсан ч ирээгүй байна.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: Эрх баригчид, УУХҮЯ-ний шийдвэрийг харж, монголчууд маш хүнд байдалд орлоо. Бид хоёр сарын өмнө энэ байдлыг сануулж байсан ч өнөөдөр бахь байдгаараа байна. Улаанбаатарт 5 цаг очерлож байж,  АИ92 бензинээс үнэтэй АИ95 авч байна. Хөдөө орон нутагт бүр хүнд байна. Малчид эрх баригчид шиг АИ95 хийдэггүй. Зуд турхан болсон аймгуудад малчид идшээ ч хийж чадаагүй байна. Малаа алдаж, малынхаа араас явж чадахгүй байна. Эрх баригчдын бодлого хаана байна вэ. УУХҮ-ийн сайд ойрын 7 хоногийн дотор асуудлыг шийднэ гэлээ, үнэмшихгүй байна.

Ард иргэдийг дахиад хянадаг шалгадаг тал руу орж байна. Нэг тонн түлш ачиж яваа хүн шалгагдах юм байна. Монгол Улс 60 гаруй сая тонн нүүрс экспортод гарснаас болж түлшний хомстолд орлоо гэж байна.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Бид УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, АМГТГ-ын дарга Баярмандал гэдэг хүмүүстэй цаг гаруй ярилцлаа. Хоёр сарын өмнө сануулж байсан асуудлууд шийдэгдэхгүй байна. Бүх зүйл тэг зогсолт руу явж байна. Орон нутагт дизелийн түлш 5000 төгрөгийг давлаа. Гэтэл дамлан худалдахыг зогсооно гэсэн ойр зуурын юм ярьж байна.

Бичигт, Замын-Үүдийн боомтоор шатахуун оруулах асуудлыг БНХАУ-ын талтай уулзсан уу гэхээр олон удаа уулзаж, ярьж байна гэснээс дорвитой ажил хийхгүй байна. АМГТГ-ын дарга өндөр үнэтэй, шинэ жилийн баярт ороод явж байхын оронд Бичигт боомтод очиж ажиллаад, шатахууны талаар ярилцах хэрэгтэй.

ААН-үүд сөхөрч байна. МАН-тай холбоотой, шатахуун импортлогчидтой холбоотой ААН-үүдийн үйл ажиллагаа л явж байгаа. Хөдөөд том байтугай жижиг нь ч явахгүй байна. Ачаа бараа, хүн тээврээ хийж чадахгүй болчихоод байна. Ийм нөхцөл байдалд энэ сайд үүргээ гүйцэтгэж чадахгүй бол хариуцлага тооц.

Ард түмнийг ядарч, улны уланд очихоос өмнө арга хэмжээ аваач ээ. Сайд нараа ажиллуул, чадахгүй бол хариуцлага тооцооч ээ.

УИХ-ын гишүүн Н.Ганибал: Ард түмэн бензин шатахуунгүй бухимдаж байхад асуудал хариуцсан АМГТГ-ын дарга Л.Баярмандал баярлаж, цэнгээд явж байгаа нь Монгол төрийн өнөөдрийн дүр төрх. Энэ бол хувь тавилангийн шоглоом” гэсэн байр суурийг илэрхийллээ.