ЭМЯ-наас томуу томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад амбулаторийн үзлэг 3.9 хувиар бага байна гэх мэдээллийг ЭМЯ-наас өгч байна. Төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүд болон дүүргийн эмнэлэгт ханиад хүрч, халуурсан оноштой хүүхдүүд олноор хандаж байгаа тул ЭМЯ-наас долоо хоног бүр томуу, томуу төст өвчний талаар болон урьдчилан сэргийлэх зөвлөгөө хүргэхээр боллоо.
ХӨСҮТ-ийн захирлын үүргийг хавсран гү йцэтгэгч Ж.Байгалмаа “Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт идэвхжилийн түвшинд байна. Идэвхжилийн таван түвшин байдгаас одоо шар түвшинд байна.
Томуугийн идэвхжил аравдугаар сарын эхэнд эхэлсэн. 48-р долоо хоногийн байдлаар улсын хэмжээнд амбулаториор үйлчлүүлэгчдийн 5.6 хувь нь томуугийн өвчний шалтгаантай. 8618 хэвтэн эмчлүүлэгсдийн 22 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байна.
Хэдийгээр улсын хэмжээнд томуугийн идэвхжил шар түвшинд байгаа ч дөрвөн аймагт дараагийн түвшин буюу улбар шар түвшинд шилжсэн байна. Тодруулбал, Дархан-Уул, Булган, Сүхбаатар, Хэнтий аймгууд байна.
Долоо хоногийн вирус судлалын тандалтаар амьсгалын замын синдицал вирус, мета, адино вирус хамгийн их тархалттай байна. Түүнчлэн ковид-19 вирус эргэлтэд байсаар байна. Томуугийн А хүрээний H3N2 вирусийн тархалт хүн амын дунд өвчлөл үүсгэсэн хэвээр байна.
Томуугийн А хүрээний H3 вирус энэ оны байдлаар арваннэгдүгээр сарын дунд тодорхойлогдож эхэлсэн” гэв.
Эмнэлгийн яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлж байгаа хүүхдүүдийн 20-40 хувь нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол үлдсэн хувь нь зөвлөгөө мэдээлэл авч гэрээрээ эмчилж байна.
НЭМГ-ын дарга П.Эрхэмбулган “Томуугийн өвчлөл нэмэгдэж байгаатай холбоотойгоор дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн тасгийг энэ сарын 7-ны өдрөөс эхлэн томуугийн өвчлөл буурах хүртэл ажлын өдөр уртасгасан цагаар буюу ажлын өдөр 17-21 цаг, бямба гарагт 12-18 цаг хүртэл ажиллуулах шийдвэр гарсан.
Мөн энэ сарын 4-ний өдрөөс эхлээд ажлын өдөр 20:00 цаг хүртэл, ням гаригт 10:00-15:00 цагийн хооронд ажиллуулна. Өвчлөл нэмэгдэж байгаа тул иргэд хүүхдээ эмнэлгийн хүлээн авахаар үйлчлүүлэх, утсаар 103 дугаарт дуудлага өгөхөөс илүүтэйгээр өрхийн эрүүл мэндийн төвд хандаж ерөнхий ангилалт хийлгэхийг уриалж байна” гэлээ.