ҮНДЭСНИЙ ТӨМӨР ЗАМЫН СҮЛЖЭЭГ 416,1 КИЛОМЕТРЭЭР ӨРГӨТГӨЛӨӨ

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам байнгын ашиглалтад орсноор үндэсний төмөр замын сүлжээг 416,1 километрээр өргөтгөлөө.
Барилга, хот байгуулалтын яамны Барилга, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулгаар ахлуулсан Улсын комисс Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замд ажиллаж, урьдчилсан шатны техникийн комиссын өгсөн үүрэг даалгавруудыг бүрэн хангасан гэж үзээд, улсын комиссын гишүүдийн 100 хувийн саналаар тус төмөр замыг байнгын ашиглалтад хүлээн авлаа.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам нь жилд 15-20 сая тн ачаа тээх хүчин чадалтай, гол замын даац 25 тн, нэг өртөө, зургаан зөрлөг бүхий гуравдугаар зэрэглэлийн төмөр зам юм. Тус чиглэлийн төмөр замыг Монгол инженер, техникийн ажилтнууд бие даан бүтээн босгосон үндэсний бүтээн байгуулалт гэдгээрээ онцлогтой.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын доод бүтцийн ажлын Ерөнхий гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний жанжин штаб, дээд бүтцийн ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “Улаанбаатар төмөр зам” ХНН ажилласан бөгөөд үндэсний 106 компани, аж ахуйн нэгж туслан гүйцэтгэгчээр оролцов. Төслийн бүтээн байгуулалтад 10 мянга гаруй хүн гар бие оролцсон байна.
Энэхүү төмөр зам байнгын ашиглалтад орсноор Эрдэнэс Тавантолгойн уурхайн экспортын хэмжээг нэмэгдүүлэх, гуравдагч зах зээлд хүргэхийн зэрэгцээ төмөр замын трассын дагуух бүс нутагт байрлаж буй бусад уул уурхайнуудын экспортыг дэмжинэ. Мөн авто замын тээвэртэй харьцуулахад тээврийн өртгийг хоёр дахин бууруулж, хоёр мянга орчим ажлын байр нэмэгдүүлэх нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой бүтээн байгуулалт болж байна.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барихад 837,6 мянган ширхэг бетон дэр, бэхэлгээ, 871 км шилэн кабель суурилуулж, 25,1 сая метр куб газар шорооны ажил хийжээ. Түүнчлэн төмөр замын трассын дагуу 595 ш гүүр хоолой барьж, 22 мянган метр.кв барилга байшин ашиглалтад оруулан дэлхийд тэргүүлэгч SIL4 шаардлагыг хангасан БНСУ-ын дохиолол холбооны системийг суурилуулж, MNS6229:2010 стандартад бүрэн нийцсэн ачааны хүнд даацын төмөр замыг бүрэн ашиглалтад орууллаа.