ЦЭРЭНПИЛИЙН БАЛХААЖАВ
(1928-2024)
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын нийгэм-улстөрийн нэрт зүтгэлтэн, философийн шинжлэх ухааны доктор, профессор, соён гэгээрүүлэгч Цэрэнпилийн Балхаажав 2024 оны нэгдүгээр сарын 04-нд таалал төгссөнд гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгсдэд нь гүн эмгэнэл илэрхийлж байна.
Түвдэн овогт Цэрэнпилийн Балхаажав 1928 онд Завхан аймгийн Цагаанчулуут сумын Баруун туулайт уулын “Үүдэндээ цохиот” гэдэг газар төржээ. Тэрбээр 1938-1943 онд Завхан аймгийн бага, дунд сургууль, 1948-1952 онд Намын Төв Хорооны дэргэдэх Д.Сүхбаатарын нэрэмжит Намын дээд сургууль, 1959-1964 онд Москва хотын Ломоносовын нэрэмжит Улсын Их Сургуулийг философич, багш мэргэжлээр суралцаж төгссөн. Улмаар 1967-1970 онд Москва хотын Нийгмийн Ухааны Академид дэд эрдэмтэн, 1999 онд шинжлэх ухааны доктор-ын зэрэг тус тус хамгаалжээ.
Ц.Балхаажав 1945-1948 онд Завхан аймгийн Цагаанчулуут суманд бичиг үсгийн багш, бага сургуулийн багш, 1952-1955 онд Намын дээд сургуульд багш, 1955-1959, 1964-1967, 1970-1972 онд Монгол Ардын Намын Төв хорооны дэргэдэх Намын түүхийн институтэд эрдэм шинжилгээний ажилтан, тасаг, хэлтсийн эрхлэгч, 1972-1979 онд намын Төв хорооны Үзэл суртлын хэлтсийн эрхлэгч, 1979-1981 онд Намын байгуулалтын хэлтсийн эрхлэгч, 1981-1984 онд Гадаад харилцааны хэлтсийн эрхлэгч, 1984-1990 онд намын Төв хорооны нарийн бичгийн даргаар тус тус ажиллажээ. Өндөр насны тэтгэвэрт гарснаас хойш 1991-2010 онд Хүн судлалын төв, Дорно дахины дээд сургууль, “Сутай” дээд сургуульд судлаач, багш, зөвлөхөөр тус тус ажиллаж байв.
Ц.Балхаажав Монгол Ардын Намын XVI Их Хурлаас Намын төв хорооны орлогч гишүүн, XVII, XVIII, XIX Их Хурлуудаас намын Төв хорооны гишүүн, 1973-1990 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын 8, 9, 10, 11 дэх удаагийн чуулганы сонгуулиар депутат, Их Хурлын Залуучуудын болон Гадаад харилцааны байнгын хорооны даргаар тус тус сонгогдон ажиллаж явсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн байлаа.
Ц.Балхаажав олон ном бүтээл туурвиж монголын шинжлэх ухааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн сэтгэгчдийн нэгэн байв. Тэрбээр хүн судлал, Шинжлэх ухаан судлал, Монгол судлал, мал аж ахуй судлалаар нийтдээ 20-иод боть ном, 300 гаруй өгүүлэл илтгэл бичиж хэвлэн нийтлүүлжээ.
Түүний хөдөлмөр, зүтгэлийг Монгол Улсын төр, засгаас өндрөөр үнэлж, “Алтан гадас одон”, хошой “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Сүхбаатарын одон”, “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цол, “Монгол Улсын Хөдөлмөрийн баатар” цолоор тус тус шагнасан юм.
Ц.Балхаажавын эх орон, ард түмнийхээ төлөө чин үнэн сэтгэлээр зүтгэж явсан эрхэм хүндтэй үйл хэрэг, хөдөлмөрч хичээнгүй, шударга, тулхтай, хүнлэг зан чанар, эгэл даруу, гэгээн дүр төрх бидний сэтгэл зүрхэнд мөнхөд үлдэх болно.
У.ХҮРЭЛСҮХ, Г.ЗАНДАНШАТАР, Л.ОЮУН-ЭРДЭНЭ,
Д.ТОГТОХСҮРЭН, Н.ЭНХБОЛД, Б.БАЯРСАЙХАН,
Ц.ЦЭРЭНПУНЦАГ, Д.АМАРБАЯСГАЛАН, Н.ТАМИР, Г.ӨНӨРБАЯР