Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг нар Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт баригдаж буй Бөөрөлжүүтийн цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцлаа.
Бөөрөлжүүлтийн цахилгаан станцын төсөл нь дөрвөн үе шаттай хэрэгжиж буй. Нэгдүгээр үе шат нь энэ оны аравдугаар сард дуусна. Ингэснээр тухайн цахилгаан станц Улаанбаатар хотын төвийн эрчим хүчинд 150 мВт хүчин чадлыг нийлүүлэх юм. Хоёрдугаар үе шат буюу 2025 онд дараагийн 150 мВт-ыг нийлүүлэх аж.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар:
-2023 оны арванхоёрдугаар сард Улаанбаатар хотын төвийн эрчим хүчний системийн хэрэглээ 12.3 хувиар нэмэгдсэн. Өвлийн оргил ачааллын үед хэрэглээ огцом нэмэгдсэнээр ОХУ-ын эрчим хүчний нийлүүлэлтэд доголдол гарсан. Үүнтэй холбоотойгоор оргил ачааллын үед Улаанбаатар хотод хэд хэдэн удаа эрчим хүчний хязгаарлалтуудыг хийсэн. Айл өрхүүдийг цахилгаан халаагуурт шилжүүлэх, гэр хорооллыг орон сууцжуулах, метро байгуулах зэрэг агаарын бохирдол болон түгжрэлийг бууруулах томоохон төсөл хөтөрбөрүүд энэ оноос хэрэгжинэ. Томоохон төслүүдийг хэрэгжүүлэхдээ дэд бүтцийг урьдчилан төлөвлөж, бэлдэж байгаа. Төсөл бүрд эрчим хүчний өндөр хэрэглээ шаардлагатай. Иймд Улаанбаатар хотын эрчим хүчний найдвартай хэрэглээг хангах нь чухал болоод байна.
Улаанбаатар хот, Бөөрөлжүүтийн цахилгаан станц хооронд байгуулсан Санамж бичиг бий. Энэ хүрээнд хэрхэн хамтарч ажиллах талаар төслийн удирдлагуудтай санал солилцож, цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцлаа. Төслийн эхний хоёр шат хэрэгжсэнээр одоогийн ТЭЦ-3-ын үйлдвэрлэдгээс нэг дахин илүү хүчин чадлыг буюу 300 мВт-ыг төвийн эрчим хүчинд нийлүүлэх юм хэмээлээ.
Төслийн сүүлийн хоёр шат 2026, 2027 онд хэрэгжих бөгөөд үйл явц төлөвлөгөөний дагуу товлосон хугацаандаа хэрэгжиж буйг төсөл хэрэгжүүлэгчид хэлж байлаа. Мөн төслийн хэрэгжилтэд бодлогын дэмжлэг хүсэж буйгаа нийслэлийн удирдлагуудад илэрхийлсэн юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС