Шинэ жилийн баярыг угтан зохион байгуулж буй хяналт шалгалтын талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тус хяналт шалгалтын явцад 532 зөрчил илрүүлж, 348-ыг нь арилгуулсан хэмээн мэдэгдэв. Тухайлбал, Сүхбаатар дүүрэгт стандарт, эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд нарийн боов үйлдвэрлэж байсныг зогсоосон байна.
Мөн 5 АНН, 12 иргэнийг 11 сая 450 мянган төгрөгөөр торгож, 6 ААН-д албан даалгавар хүргүүлсэн аж.
Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүдийн тухайд:
- Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдийн гэр хорооллын хүнсний дэлгүүрүүдэд худалдаалагдаж байсан стандартын шаардлага хангаагүй “Мөнхжин Од” ХХК-ийн “Хандгай”, “Гучин ес” нэрийн 102 шил 518 мянган төгрөгийн архийг хураан авсан.
- “Жүр Үр” ХХК-ийн зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэж байсан 118 ширхэг бялууг дотоод хяналтаар устгуулсан.