Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэхийг хойшлууллаа. Уг хуулийн төслийг хэлэлцэхийг хойшлуулахыг хүссэн нийт 156 өргөдөл, албан бичиг иргэдээс УИХ-д ирсэн байна. Мөн уг хуулийн төслийг Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Бүсчилсэн хөгжлийн тухай хууль зэрэг бусад хуулиудтай уялдуулах үүднээс хамтатган хэлэлцэх зорилгоор хойшлуулах зарчмын саналыг парламентад суудалтай улс төрийн намын дарга нар гаргасан болохыг УИХ-ын дарга Г.Занданшатар тодотгов.