Н.Батсуурь: Намайг аварга болоход ”Сайхан ордос туурь” ХХК-ний хувьцаа эзэмшигчид хувьцаанаасаа бэлэглэсэн учраас би залилангийн асуудлыг нь мэдэхгүй

Кёкүшюзан Д.Батбаяр болон Замын-Үүдийн чөлөөт бүсийн захирагч гэх Н.Болормаа, “Сайхан ордос туурь’ ХХК  32 тэрбум төгрөг бусдаас залилсан гэх хэрэг дээр АТГ, цагдаагийн хамтарсан баг ажиллаад харъяалал тогтоолгохоор Нийслэлийн прокурорт хандсан. Тэгвэл прокурор хянаж дуусаад цагдаагийн байгууллагад шилжүүлсэн талаар албаны эх сурвалж мэдээллээ.

Бид тус хэрэгт холбогдоод буй “Сайхан Ордос туурь’ компаний ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, хувьцаа эзэмшигчид ямар хүмүүс байдгийг тодруулав. Тус компани гурван хувьцаа эзэмшигчтэй,  5 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж.

Компаний  хувьцаа эзэмшигчийн нэг  Улсын аварга Н.Батсууриас утсаар дараах тодруулгыг авлаа.

-Таны хувьцаа эзэмшдэг “Сайхан ордос туурь” компани залилангийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа юм байна?

-Би наад асуудлыг чинь мэдэхгүй.

-Энэ компани гурван хувьцаа эзэмшигчтэй. Тэдний нэг нь та байна шүү дээ?

-Намайг Улсын аварга болоход тус компаний хоёр хувьцаа эзэмшигч баяр хүргээд 5, 5 хувийн хувьцаа өгсөн. Би 10 хувийн хувьцаа эзэмшдэг.

-Хувьцаа эзэмшигч Б.Цэрэндорж, Б.Баттулга хоёр хувьцаанаасаа таньд бэлэглсэн юм байна тиймүү?

-Тийм. Тэгээд ч наад асуудал чинь намайг хувьцаа эзэмшигч болохоос өмнө болсон юм билээ./утсаа салгав/

 

Хэргийг тодруулбал, Кёкүшюзан Д.Батбаяр болон Замын-Үүд чөлөөт бүсийн захирагч гэх Н.Болормаа, “Сайхан ордос туурь’ ХХК-ний хувьцаа эзэмшигч Б.Цэрэндорж нар нь гадны хөрөнгө оруулагчдад хэд хэдэн төсөлд хамтран ажиллах санал тавьсан байна. Тэд 2009-2014 оны хооронд БНХАУ-ын хуулийн этгээд “Евроази интернэшнл инвестмент групп’-ээс тухайн төслүүдийн урьдчилгаа болгож их хэмжээний мөнгө авсан ч бичгээр өгсөн амлалт, баталгаануудаас нь өнөөдрийг хүртэл нэгийг нь ч хэрэгжүүлээгүй гэх гомдол АТГ-т хүргүүлжээ.

Энэ нь бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үндэслэл тогтоогдсон тул прокурорт харьяалал тогтоолгохоор хандаж,  Нийслэлийн прокурор  хэргийг хянаад харъялалын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлээд буй юм.