Нүүрсний сонсголд ирээгүй АТҮТ-ийн дарга Б.Гүрсоронзон нарын 74 хүнд хариуцлага тооцуулахаар цагдаад өглөө

Хуульзүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр цагдаагийн  байгууллагад албан бичиг хүргүүлжээ. УИХ-ын Түр хорооноос зохион байгуулсан нүүрсний сонсголд гэрчээр дуудагдсан ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй 74 хүнд Зөрчлийн хуульд заасан шийтгэл ногдуулахаар харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

Түр хорооны дарга Б.Энхбаяр “Сүүлийн 7 жил буюу нүүрсний хулгай, С зөвшөөрөлтэй холбоотой авлига, албан тушаалын үйлдлүүд гарсан жилүүдээс өнөөдрийг хүртэл АТҮТ ТӨҮГ-ын даргаар ажиллаж байгаа Б.Гүрсоронзон нь 2023.12.11-ний өдөр буюу нүүрсний сонсголд гэрчээр дуудагдсанаас хоёр өдрийн дараа гадаадад эмчлүүлж байгаа гэсэн шалтгаан ирүүлсэн байна.

Засгийн газрын байгууллагын этгээд УИХ-аас зохион байгуулж байгаа нүүрсний сонсголд дуудагдсан ч санаатайгаар ирээгүй, эс үйлдэл гаргаж байна. УИХ буюу ард түмний төлөөллийн дээд байгууллагад хүндэтгэлгүй хандаж, асуултад хариулах гол этгээд гадагшаа явсан гэдэг тайлбараар хүрэлцэн ирсэнгүй. Тиймээс Түр хорооны даргын хувиар энэ этгээдэд албан тушаалын хариуцлага тооцох асуудлыг ЗТХ-ийн сайд болон Засгийн газарт албан ёсоор тавихаа мэдэгдэж байна” хэмээн хариуцлага нэхэж байсан.

Тэгэхээр сонсголд ирээгүй хүмүүст ямар хариуцлага тооцох нь удахгүй тодорхой болох биз. Мөн  хууль хяналтын байгууллага үргэлжлүүлэн шалгаж байгаа юм.