Төрийн байгуулалтын байнгын хороо 23 хууль, УИХ-ын 22 тогтоолыг хэлэлцүүлэн батлуулжээ

Төрийн байгуулалтын байнгын хорооноос 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын талаар тус Байнгын хорооны дарга Н.Энхболд өнөөдөр /2024.01.23/ хэвлэлийн бага хурал хийлээ.

Тэрбээр сэтгүүлчдэд хийсэн мэдээллийнхээ эхэнд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар Төрийн байгуулалтын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Үндсэн хуулийн шинэтгэлийн асуудал; төрийн эрх барих дээд болон гүйцэтгэх дээд байгууллага, Ерөнхийлөгчийн асуудал; засаг захиргааны шинэтгэл, төвлөрлийг сааруулах бодлого; Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль, хот, тосгоны Зөвлөл, Захирагчийн сонгууль; Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаа, хилийн цэс, хот, тосгоны эрх зүйн үндэс; төрийн алба; төрийн бэлгэ тэмдэг, төрийн дуулал; ард нийтийн санал асуулга; төр, сүм хийдийн харилцаа; хэвлэл мэдээллийн хараат бус байдал; төрийн ба төрийн бус байгууллага, улс төрийн намтай харилцах; гишүүний бүрэн эрхийн асуудал; гишүүний бүрэн эрхийн баталгаа; чуулганы хуралдааны дэгийн асуудал; бүсчилсэн хөгжлийн бодлого багтдаг гэдгийг онцолсон.

Төрийн байгуулалтын байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд 2023 намрын ээлжит чуулганы хугацаанд 15 удаа хуралдаж, нийт 55 асуудлын хүрээнд 27 хуулийн төсөл, Улсын Их Хурлын тогтоолын 17 төсөл, нэр дэвшигчийн сонсголын тайлан, Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэжээ.

Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хүрээнд хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийн 3 санал, дүгнэлт, анхны хэлэлцүүлгийн 5 санал, дүгнэлт, эцсийн хэлэлцүүлгийн 3 танилцуулга, бусад асуудлаар 16 санал, дүгнэлт, ажлын хэсгийн танилцуулга 1ийг  бэлтгэж, Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгийн шатанд зарчмын зөрүүтэй 69 саналын томьёолол, эцсийн хэлэлцүүлгийн шатанд зарчмын зөрүүтэй 5 саналын томьёололыг тус тус бэлтгэн төслийг эцэслэн батлах бэлтгэл ханган ажилласан байна.

Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд хамаарах 23 хууль, Улсын Их Хурлын 22 тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ханган эцэслэн батлуулж, Байнгын хорооны 8 тогтоолыг баталж, холбогдох байгууллагуудад хуралдааны тэмдэглэлээр үүрэг даалгавар өгч, 1 хэлэлцүүлэг, нэр дэвшигчийн 3 сонсгол, батлагдсан хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлах 2 ажлыг зохион байгуулжээ.

Энэхүү мэдээллийн дараа Байнгын хорооны дарга Н.Энхболд батлагдсан хууль, тогтоолын талаар товч танилцуулсан.

Тэрбээр, Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай болон дагалдан гарсан бусад хуулиуд, сонгуулийн тогтолцоонд өөрчлөлт оруулж, Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын орон тооны дээд хязгаарыг тогтоох тухай УИХ-ын тогтоолыг хэлэлцүүлэн батлуулсан. Мөн  УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

2024 оны ээлжит сонгуультай холбогдуулаад хийсэн том ажлын нэг бол Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай, Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай, Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн.

Эдгээр нь зөвхөн Байнгын хорооны хэмжээнд яригддаг асуудал биш, улс төрийн намуудтай, СЕХ-той холбогдох бүх байгууллагуудыг оролцуулж шийддэг асуудал бөгөөд эдгээр асуудлуудыг шийдэхэд Байнгын хороо нэлээд их цаг, хүч хөдөлмөр зарсан хэмээн тодотгосон.

Түүнчлэн Байнгын хорооны эрхлэх ажлын хүрээнд багтдаг Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл, Төрийн албаны зөвлөлийн гишүүдийг нь томилох, чөлөөлөх асуудлууд, 2024 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг бүх Байнгын хороод, улс төрийн намуудын УИХ дахь бүлэгтэй зөвшилцөн саналуудыг нь авч нэгтгэн чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулсан хэмээлээ.

Төрийн байгуулалтын байнгын хороо 2024 оны хаврын ээлжит чуулганаар Ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуулиуд, тогтоолын төслүүд, Жагсаал цуглаан хийх журмын тухай хууль болон Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн төслөөс гадна иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөний талаарх хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа аж.

Байнгын хорооны дарга Н.Энхболд, Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй  холбогдуулаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх ёстой. УИХ 126 гишүүнтэй болж буйтай холбогдуулан  Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлагууд бий. Төрийн ордны тухай хуулийн төслийг хэлэлцэж батлуулах ёстой. Төвлөрлийг бууруулах, нийслэлтэй холбоотой асуудал Төрийн байгуулалтын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд бий. Үүнтэй холбогдуулан хаврын чуулганаар нийслэл хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний баримт бичгийг Эдийн засгийн байнгын хороотой хамтраад хэлэлцэхээр төлөвлөсөн байгаа гэлээ.

Мэдээллийн дараа Байнгын хорооны дарга Н.Энхболд, хэвлэлийн бага хуралд оролцсон СЕХ-ны Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ нар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах: