Фэйсбүүк, Инстаграм аппликейшнүүдийн толгой Мета компани энэ онд болох Европын Холбооны парламентын сонгуулийн үеэр хуурамч мэдээлэл тархахаас сэргийлэх арга хэмжээ авна гэдгээ зарлалаа. Хиймэл оюун ухаан өндөр хөгжиж байгаа энэ цаг үед ямар ч дүрс бичлэг, зураг, бичиг баримтыг хуурамчаар үйлдэх боломжтой болсон нь улс орнуудын засгийн газруудын санааг хамгийн их чилээж байгаа. Тэр дундаа улс төрийн сонгууль гэх мэт онцгой үйл явдлын үеэр хиймэл оюуныг буруугаар ашиглах эрсдэл байгаа тул Мета компани ийм зохицуулга хийхээр болсон гэдгээ тайлбарласан юм.
Метагийн энэ шийдвэр Европын Холбооноос гаргасан шинэ дижитал хуулинд захирагдана. Уг шинэ хуулийн дагуу сард дунджаар 45 сая хэрэглэгч тогтмол ашигладаг аппликейшнүүд сонгуультай холбоотой хуурамч, худал ухуулгын шинж чанартай мэдээлэл тархахаас сэргийлэх арга хэмжээ авах үүрэг хүлээсэн. Мета компанийн Европын Холбооны асуудал эрхэлсэн захирлын хэлж байгаагаар Мета компани технологийн мэргэжилтнүүдийг нэг дор цуглуулж, харьяалалд нь байх хоёр аппликейшний хүрээнд дурдагдсан гэмт хэргийн шинж чанартай контент гарч ирвэл нэн даруй олж таньж, яг цаг тухайд нь шууд арга хэмжээ авна гэж тайлбарлаж байна. Хууль бус контентыг нэн даруй устгах арга хэмжээ авахаас гадна одоо Метад ажиллаж байгаа бие даасан 26 факт шалгагч түнш байгууллагын сүлжээгээ өргөжүүлж, Болгар, Франц, Словак улсын факт шалгагчидтай хамтрахаар болсноо мэдэгдсэн байна.
Өнгөрсөн оны 2-р хагасын хугацаанд Мета компани Европын Холбооны шаардлагын дагуу 430 мянга орчим зар сурталчилгааг устгасан гэсэн мэдээлэл байна. Метагаас гадна Сингапур эзэнтэй Хятадад төвтэй ТикТок аппликейшн мөн сарын тогтмол хэрэглэгч нь 45 саяас олон тул Европын Холбооны дээрх хуульд захирагдаж, хуурамч контентоос сэргийлэх арга хэмжээ авна гэдгээ 2-р сарын 14-нд зарласан юм. ТикТок компанийн арга хэмжээ ирэх сараас хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ гэсэн мэдээлэл байна.