УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2024.02.29/ нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 9 цагт товлогдсон ч ирэх сарын 7-ны өдрийг хүртэл хойшиллоо.
Учир нь Eрөнхийлөгчийн тамгын газрын дарга асан З.Энхболд эрүүл мэндийн шалтгаантай учир хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг гаргаж, шүүх бүрэлдэхүүн хүлээн авсан байна.
Харин өмнөх шүүх хурлыг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан шинэ өмгөөлөгч авч, хэрэгтэйгээ танилцах болсонтой холбоотойгоор хоёрдугаар сарын 5-нд товлосон шүүх хурал өнөөдрийг хүртэл хойшилсон юм.
Сануулахад: УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан 2019-2020 онд Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой холбоотой гэх “Страто” ХХК-д давуу байдал бий болгосон гэх хэрэгт буруутган, яллагдагчаар татсан байдаг.
Харин З.Энхболдыг төрийн өндөр дээд албан тушаал хашиж байхдаа эрх мэдлээ ашиглан тухайн үеийн Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд нөлөөлж, бусдад давуу байдал олгуулсан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан юм.