НДЕГ-ын Санхүү бүртгэлийн газрын дарга Б.Даваахүүтэй Капитал банкинд байршуулсан байсан нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн асуудлаар ярилцлаа.
– Капитал банкны дампууралтай холбоотойгоор тус банкинд байршуулсан Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг яаж эргүүлж олж авах юм бэ гэдгийг иргэд асууж байна. Тус банкинд хэзээнээс мөнгө байршуулж эхэлсэн бэ?
-Капитал банкийг дампуурахаас өмнө мөнгөө татаж авахгүй юу хийж байсан юм бэ гэх хандлага их гарч байгаа. Бид энэ хугацаанд хийх ёстой зүйлсээ хийж, холбогдох арга хэмжээнүүд авч байсан. Нийгмийн даатгалын ерөнхий газар Капитал банктай 2007 онд “Хамтран ажиллах гэрээ’ байгуулан харилцах болон хадгаламж хэлбэрээр мөнгөн хөрөнгө байршуулж эхэлсэн байдаг. Тодруулбал 2012 онд 31.4 тэрбум төгрөг байсан бол 2013 онд 126.3 тэрбум, үүнээс хадгаламж нь 105, 2014 онд 209.4 тэрбум, үүнээс хадгаламж нь 190. Харин 2015 онд 238 тэрбум, үүнээс хадгаламж нь 185, 2016 онд 224.1 тэрбум, үүнээс хадгаламж нь 180, 2017 онд 228.1 тэрбум, үүнээс хадгаламж нь 20, 2018 онд 105.3 тэрбум, үүнээс хадгаламж нь 2.4 тэрбум төгрөг байсан. Харилцах дансанд үлдсэн мөнгийг нь тэтгэвэр тэтгэмж тавихад авч үлддэг байсан.
-Энэ хугацаанд та бүхэн ямар арга хэмжээ авсан юм бэ. Мөнгөн хөрөнгөө татаж авч болоогүй юм уу?
-Нийгмийн даатгалын Ерөнхий газраас энэ асуудлаар холбогдох хууль, гэрээг зөрчиж байна, Нийгмийн даатгалын сангийн харилцах дансуудаас хийгдэж байгаа гүйлгээг өдөрт нь хийх, зарлагын гүйлгээ хийх боломжоор хангах, “Банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам”-ын зарим шалгуур үзүүлэлтийг хангахгүй байгаа тул “Мөнгөн хадгаламжийн гэрээ’-г цуцлах зэрэг шаардлагуудыг тусгасан албан бичгүүдийг 20 гаран удаа хүргүүлж, удирдлагын түвшинд удаа дараа уулзалт зохион байгуулсан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болон НДЕГ-аас Монголбанкинд дэмжлэг хүссэн болон мэдээлэл авах албан бичгийг удаа дараа хүргүүлсэн. 2016 оны наймдугаар сараас хойш тус банкинд харилцах болон хадгаламжийн дансанд нэмж мөнгө огт байршуулаагүй.
Хадгаламж, харилцахын хүүгийн орлого, ажил олгогч даатгуулагчийн төлсөн шимтгэлийн мөнгө харилцах дансанд орж байсан. 2017-2019 онуудад Нийгмийн даатгалын ерөнхий газрын төв сангийн харилцах болон хадгаламжийн дансуудад 41.6 тэрбум төгрөгийн хүүгийн орлого хүлээж авсан байдаг. Зарлагын гүйлгээ хийх төлбөрийн хүсэлтийг долоо хоног тутам “Капитал’ банкинд хүргүүлж байсан боловч гүйлгээ хийхгүй байсан. Тухайлбал, 2018 онд 57.1 тэрбум төгрөгийн зарлагын гүйлгээ хийлгэхээр 125 төлбөрийн хүсэлт хүргүүлж, 4.9 тэрбум төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн. 2019 онд 40.9 тэрбум төгрөгийн зарлагын гүйлгээ хийлгэхээр 44 төлбөрийн хүсэлт хүргүүлж, 0.86 тэрбум төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн.
Эх сурвалж: Zaluu.com