Загас агнахыг хориглолоо

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 15-ны өдрийг хүртэл загас агнахыг хориглосон байдаг бөгөөд хориглосон хугацаа нь загасны үржлийн үе юм.

Загасыг үржлийн үед нь барьж, загас барих хугацааг мөрдөөгүйн улмаас агнуурын загасны нөөц хомсдож, бүрмөсөн устах аюултай байдаг.

Нэг загаснаас олон мянган түрс гарах ч үр тогтсоны дараа авгалдай, жарамгай, жараахай болж бие гүйцэх хүртлээ үхэж хорогдсоор маш бага хувь нь мэнд үлддэг. Иймд үржлийн үед агнуур хийснээр тухайн жилийн төл авч чадахгүйд хүрнэ.

Үржлийн үед ялангуяа эр загас гоёмсог өнгөтэй болж, толгой, бие дээр нь мөнгөлөг товгор үүсэж, сэлүүрүүдийн толбо тодордог гэж Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ.