Л.Насанбуян: Соёлын яам -ны сайд Чинбатын НОМИН танаа,
Би таны удирдаж байгаа соёлын салбарын мэргэжлийн урлагийн байгууллагад 13 жил ажиллаж хөдөлмөрлөсөн жирийн нэгэн эмэгтэй, өрх толгойлсон ээж хүн байна аа. Таньтай уулзах ийм хэцүү юм гэж бодсонгүй. Миний бие өөрт тохиолдсон үйл явдлын талаар салбар яамандаа өргөдөл гомдлоо 2024 оны 2 сарын 6-ны өдөр гаргаж өгч, таньтай уулзах хүсэлтэй байгаагаа уламжилсан боловч 2024 оны 3 сарын 25-ны өдөр хариу албан бичиг хүлээн авахад миний өргөдөл гомдлын гол утга санааг алдагдуулсан хариу өгч, сайд таньтай уулзах талаар огтхон ч дурдаагүй байсан юм. Энэ салбарт ажиллаж хөдөлмөрлөж байгаа мянга мянган залуучууд тэр дундаа охид эмэгтэйчүүд ажиллаж хөдөлмөрлөх орчинд юу тохиолддог талаар миний бие өөрийн биеэр мэдэрсэн зүйлээ жишээ татан авч, иргэний зориг гарган, нэр хүндээ дэнчин тавин байж нийгэмд шүгэл үлээж, цаашид ажлын байрны бэлгийн дарамтнаас үүдэлтэйгээр ажиллах орчиндоо тав тухгүй, айдастай, сэтгэл зүйн дарамттай нөхцөл байдалд ажиллаж улмаар ажиллах орчиндоо ялгаварлан гадуурхалтанд хэн ч битгий дахин өртөөсэй гэсэндээ ийнхүү зориг гарган энэ алхмыг хийсэн юм. Дээр дурьдсан үйлдэл байдаг л зүйл мэтээр хүлээж авч, огтхон ч онцгойлж анхаарахгүй, эмэгтэй хүний эрх, хүний эрх зөрчигдөж байгааг үл тоож байгаа салбар яамныхан болон сайд таныг үнэхээр гайхаж байна. Бид ийм зүйлийг дуугүй өнгөрүүлсээр, өөхшүүлж дарж нууцалснаар цаашид хичнээн олон мянган ажил хөдөлмөр эрхлэгчдэд, охид залууст, бидний хойч үед ямар хор уршигтай болохыг хэнээс ч асуусан мэдэхээр асуудал санагдана…
Эрхэм сайд аа, та энэхүү асуудалтай өөрөө уншиж танилцсан эсэхийг би мэдэхгүй ч миний бие таньтай өөрийн биеэр уулзах хүсэлтээ хүргүүлж байна.