Архангай аймгийн Тариат сумын Алтаад багийн малчин А-гийн хотонд чоно орж, гэрээсээ гарч ирсэн малчны зүүн гарын дунд хурууг хазаж, улмаар 1 үхэр, 1 адуу, 2 нохойг урж, ноцсон явдал энэ сарын 13-нд болсон. Чоныг буудан алж, толгойг нь аймгийн Мал эмнэлгийн лаборатори руу 2019 оны 12 сарын 15-нд явуулж, галзуу өвчний түргэн тестээр шинжлэхэд урьдчилсан байдлаар /+/ эерэг хариу гарсныг Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторит баталгаажуулахаар явуулсан. Урьдчилсан хариу баталгаажсан байна. Өөрөөр хэлбэл, малчны хот руу дайрсан чоно галзуу болох нь тогтоогдсон гэсэн үг юм.
Аймгаас ОБГ, МЭГ, ЗӨСТөвийн хамтарсан шуурхай баг голомтод 12 сарын 15-17-ны хооронд ажиллаж, хариу арга хэмжээ авчээ. Тухайлбал, Тариат сумын Засаг даргын А/152 захирамжаар 2019.12.15-наас 14 хоног хязгаарлагдмал хорио цээрийг тогтоожээ. Чононд уруулсан хүнийг галзуу өвчний эсрэг вакцин эмчилгээнд хамруулж байна. Галзуу чононд малчин А-гаас өөр уруулж, ноцуулж, шүлсдүүлсэн хүн байхгүй ажээ.
Мөн Алтаад багийн Суга гэдэг газар нутаглаж байгаа 4 хот айлын 9 хүнд урьдчилан сэргийлэх үзлэг хийж, галзуу өвчнөөс сэргийлэх зөвлөмж тараан мэдээллээр хангасан байна. Голомтод байгаа 4 хот айлын бог 824, адуу 28, үхэр 82 нийт 934 малыг галзуу өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтад хамруулж, чононд хазуулж, ноцуулсан 2 нохой, 1 адуу, 1 үхэр, чоныг устгаж, шатаан булж халдваргүйжүүлжээ.