УПЕГ:Хөгжлийн банкны зээлээр авсан нэг автобусны төлбөрийг хуваарийн дагуу төлж байгаа

Өмгөөлөгч Б.Баяраа өөрийн цахим хуудсанд “Хөгжлийн банкны 2018-2022 оны олон улсын аудитлагдсан санхүүгийн тайланд тусгагдсанаар Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын газар хамтдаа 2 тэрбум гаруй төгрөгийн зээл аваад, төлж дуусгаагүй байна.” гэсэн мэдээлэл гаргасан. Энэ талаар Улсын ерөнхий прокурорын газрын Олон нийттэй харилцах албанаас тодрууллаа.

Улсын ерөнхий прокурорын газар Хөгжлийн банкнаас зээл авсан гэсэн мэдээлэл байна, энэ үнэн үү?

АСЕМ-ын үйлчилгээнд ашиглагдаж байсан 43 автобусыг зарим төрийн байгууллагуудад шилжүүлсэн, үүнээс манай байгууллагад 1 автобусыг үндсэн төлбөрийг 10 жилийн хугацаанд төлж барагдуулах нөхцөлтэйгээр, “Ди Би Эм лизинг” ХХК-тай байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээгээр 2018 онд шилжүүлсэн. Одоо прокурорын байгууллага дээрх 1 автобусны төлбөрийг хуваарийн дагуу, хэвийн төлж байгаа.

“Ди Би Эм лизинг” ХХК нь Хөгжлийн банкны охин компани учраас тус банкны 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд дээрх төлбөрийн асуудал тусгагдсан байх. Үүнийг өмгөөлөгч Б.Баяраа сайтар нягталж, тодруулалгүйгээр “Улсын ерөнхий прокурорын газрыг Хөгжлийн банкнаас зээл авсан” мэтээр буруу ойлгож бичсэн байна.