Зогсоолын хүрэлцээ хангалтгүй байгаа байршлуудад далд болон ил зогсоол хийнэ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлтийг танилцуулав. Өмнөх шуурхай зөвлөгөөнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар 22 үүрэг даалгавар өгсөн бөгөөд үүний таван үүрэг даалгавар 100 хувийн гүйцэтгэлтэй бол 11 үүрэг даалгавар хэрэгжих шатандаа буюу 50-89 хувийн гүйцэтгэлтэй байна.

Үргэлжлүүлэн нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин 2024 оны барилга, хөрөнгө оруулалтын талаар танилцууллаа.

Энэ онд нийслэлийн боловсролын салбарт нийт 807.1 тэрбум төгрөгийн төсвөөр 165 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаа бөгөөд дөрөвдүгээр сарын байдлаар гурван сургууль, гурван цэцэрлэгийн барилгыг ашиглалтад орууллаа. Урьдчилсан төлөвлөгөөгөөр энэ онд 27 сургууль, 48 цэцэрлэг, бага сургууль болон цэцэрлэгийн цогцолбор бүхий долоон барилгыг ашиглалтад оруулна. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018 оноос хойш хэрэгжиж буй удаашралтай, барилга угсралтын ажлыг эрчимжүүлэх шаардлагатай нийт 30 сургууль, цэцэрлэгийн барилга байна. Эдгээр барилгын ажил зураг төсөлд шинэчлэн магадлал хийлгэсэн, гүйцэтгэгч байгууллагаас шалтгаалсан, барилгын төсөв нэмэгдсэн зэргээс үүдэн удааширч байгааг нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин хэллээ.

 

 

Мөн нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар газар чөлөөлөлтийн явцын талаар мэдээлэл өгөв. Энэ онд нийт 66 төсөл, ажлын хүрээнд 2521 нэгж талбарыг чөлөөлнө. Өнөөдрийн байдлаар 1084 талбарыг чөлөөлсөн байна. Тухайлбал, 7 байршилд нийт 5660 хүүхдийн суудалтай сургууль болон 900 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлнэ. Уг ажлыг эхлүүлэхэд 210 нэгж  талбарын 10,59 га газар өртсөнөөс 128 нэгж талбарыг чөлөөлсөн байна.

 

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Баянзүрх, Чингэлтэй, Баянгол болон Сонгинохайрхан дүүрэгт тусгай зориулалт, том оврын автомашинууд нийтийн эзэмшлийн зам, талбайд явган хүний зам давуулан зогсож, иргэдэд үйлчилгээ үзүүлж байна. Тиймээс энэ чиглэлийн бизнес эрхлэгчид зориулалтын талбай гаргаж өгөх шаардлагатай. Мөн Улаанбаатар хотын хэмжээнд орон сууцны хорооллуудын хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу орц, гарцыг нээх, төвийн зургаан дүүрэгт зогсоолын хүрэлцээ хангалтгүй байгаа байршлуудад далд болон ил зогсоол хийх ажлыг эхлүүлнэ” гэдгийг онцоллоо.

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө.

  • Үндэсний их баяр наадам болон Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн нэгдсэн арга хэмжээний бэлтгэлийг хангах,
  • Хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлуудын газар чөлөөлөлтийн ажлуудыг бүх шатанд эрчимжүүлж ажиллах,
  • Нийслэлд авто зам болон инженерийн шугам сүлжээний засварын ажлууд эхэлсэнтэй холбогдуулан тухайн орчны зам талбайн хөдөлмөр аюулгүй байдал, замын хөдөлгөөний зохицуулалт, аюулгүй байдлыг хангуулж, хяналт тавих,
  • Гарааш чөлөөлсөн талбайг тохижуулах ажлыг шуурхай зохион байгуулах,
  • “Улаанбаатар Марафон 2024” олон улсын гүйлтэд байгууллага хамт олноо идэвхтэй оролцуулж, олон нийтэд мэдээлэх, сурталчлах ажлуудыг зохион байгуулах,
  • Далд болон ил зогсоол хийх ажлыг эхлүүлэх зэрэг үүргийг өгсөн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС