УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл З.Нарантуяагаас уучлалт гуйжээ

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл УИХ-ын гишүүн асан, АН-ын ҮБХ-ны гишүүн З.Нарантуяагаас уучлал гуйсан пост өөрийн цахим хуудастаа оруулсан байна. Тэрбээр
“Ардчилсан нам маань бүгдээрээ сонгуульд оролцож чадах эсэхэд тулсан эгзэгтэй мөчийг өчигдөр даван гарсан. Минут, секундаар хуулийн хугацаа яригдсан үед УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа эгчдээ микрофон өгч чадаагүй үйлдэл хийсэндээ чин сэтгэлээс уучлал гуйя. Хүндэлж явдаг хүнийхээ өмнө цаг шахагдсан гэж алдаа гаргасандаа хүлцэл өчиж бна.
Улс орон, бүс нутгийнхаа төлөө хамтдаа зүтгэх боломж гарна гэдэгт итгэдэг” гэжээ.
Сануулахад: Ардчилсан нам нэр дэвшигчдээ тодруулах үеэр УИХ-ын гишүүн асан, ҮБХ-ны гишүүн З.Нарантуяа намаасаа гарч буйгаа илэрхийлсэн.  Учир нь тэрбээр жагсаалтад орох хүсэлтэй байсан боловч намын ҮБХ-ны хуралдаанаар  түүнийг хоёрдугаар тойрогт нэр дэвшүүлэхээр болсон нь намаасаа гарахад хүргэсэн юм.