Дорнод аймгийн Баяндун сумын иргэн Б энэ оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр цогтой үнсээ ил задгай асгаснаас үүдэн түймэр гарчээ. Улмаар байгаль экологи эдийн засгийн үнэлгээгээр 353 сая төгрөгийн хохирол учруулсан болохыг тогтоожээ.
Цагдаагийн байгууллагаас иргэн Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Мөн зарим иргэн хялбар аргаар ашиг олох зорилгоор байгальтай зүй бус харьцаж, газар шороо хөндөх тохиолдлууд бий. Зөвшөөрөлгүйгээр дээрх үйлдлийг хийсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээдэг. Тухайлбал, өнгөрсөн гуравдугаар сард Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутагт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийд халдаж 30 сая төгрөгийн экологи, эдийн засгийн хохирол учруулсан байна. Энэ хэргийг иргэн Б нэр бүхий таван хүнтэй бүлэглэн үйлдсэн болох нь тогтоогдсон.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2.1-т зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж хохирлыг нөхөн төлүүлж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эх сурвалж: ЦЕГ