Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Дубайн гэрээ буюу Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээнд гарын үсэг зурахдаа албан тушаалаа ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх хэрэгт яллагдагчаар тооцон шалгаж буй билээ. Түүнд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, удахгүй шүүхэд шилжүүлэхээр бэлтгэж буйг эх сурвалжууд мэдээлж байна.
Ч.Сайханбилэгийг АТГ-аас баривчилж, цагдан хорьж байгаад Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар батлан даалтад гаргаж, хилээр нэвтрэх эрхийг нь хязгаарласан билээ. Гэвч өнгөрсөн наймдугаар сард өмгөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд “гэр бүлийнхээ гишүүнийг гадаадад эмчлүүлэх шаардлагатай болсон” хэмээн хилийн хоригоо цуцлуулах хүсэлт гаргасан юм. Дээрх шүүхээс ч түүний хүсэлтийг хүлээн авч хилийн хоригийг нь цуцалсан. Улмаар эх орондоо буцаж ирэхэд нь мөрдөн шалгах болон прокурорын байгууллагаас хилийн хоригийг нь сэргээх хүсэлт шүүхэд хүргүүлсэн ч шүүх хүлээн авахаас татгалзсанаар Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг төд удалгүй хил давж алга болоод буй билээ.
АТГ-аас түүний хаана байгааг тогтоох хүсэлт Интерполд хүргүүлснээр байршлыг нь тогтоогоод байгаа. Мөрдөн байцаалтын шатнаас оргосон гэх үндэслэлээр гадаадын хууль сахиулах байгууллагынхнаар баривчлуулахаар төлөвлөж байсан ч өөрөө удахгүй эх орондоо очно гэсэн захидал хүргүүлсэн тул харзнаж буй аж. Энэ талаар НПГ-ын албаны эх сурвалжаас тодруулахад “Мөрдөн байцаах байгууллагад Ч.Сайханбилэг арванхоёрдугаар сарын 21 гэхэд очно гэж мэдэгдсэн талаар түүнд холбогдох хэргийг шалгаж байгаа байгууллагаас нь бидэнд мэдээлсэн” гэсэн хариу өглөө.
Юутай ч энэ сарын 21-ний дотор Ч.Сайханбилэг эх орондоо ирэхгүй бол хууль сахиулах байгууллагынхан дараагийн арга хэмжээгээ авч албадан авчирах бололтой.