МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Өвөрхангай аймгийн Сант суманд 2024.06.15-16-нд шилжих шөнө хүний амь нас хохирсон эмгэнэлтэй явдал гарсанд талийгаачийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна.
Энэ гэмт хэрэгт холбогдон шалгагдаж буй иргэн П.Отгонбаатар нь УИХ-ын I тойрогт МАН-аас нэр дэвшигч Г.Сайханбаярын штабтай гэрээ байгуулан, ухуулагчаар ажиллаж байсан тул Г.Сайханбаярт ёсзүйн хариуцлага хүлээлгэж, нэр дэвшигчээс эргүүлэн татах улс төрийн шийдвэрийг МАН-ын Сонгуулийн төв штабаас гаргасан болно.
Хууль хяналтын байгууллагуудын холбогдох дүгнэлт гартал эрдэнэт хүний амь нас эрсэдсэн асуудлыг улстөржүүлэхгүй байхыг улс төрийн бусад нам болон нэр дэвшигчдэд уриалж байна” гэсэн мэдэгдлийг хийлээ.