УИХ-ын гишүүн, Инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугартай ярилцлаа.
-УИХ-ын отгон чуулган өндөрлөөд удаагүй байна. Таны хувьд, Парламентад бусад гишүүдээсээ жил гаруйн дараа орж ирсэн отгон гишүүн. Насны хувьд ч хамгийн залуу нь байсан. Өнгөрсөн хугацаанд ямар ажил амжуулав, энэ удаагийн Парламентын хийсэн ажилд ямар дүн тавих вэ?
-Би 2021 оны аравдугаар сард,Нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс УИХ-ын нөхөн сонгуульд ялж Парламентын өндөр босгыг алхсан. УИХ-ын гишүүнээр хоёр жил найман сар ажиллажээ. Гишүүн болоод Үйлдвэр, технологийн паркийн тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт орж ажилласан. Хамгийн сүүлд Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн бариад байна. Гэхдээ хараахан амжуулаагүй ажлууд ч үлдсэн.
-Амжуулсан, амжуулаагүй гээд байгаа ажлуудыг тань дэлгэрүүлж ярилцаж болох уу?
-Амжуулсан ажлуудаа эхлээд ярина гэж ойлголоо. Үйлдвэр, технологийн паркийн тухай хууль бол Монгол Улсад аж үйлдвэрийн салбарыг шинэ агуулгаар хөгжүүлж, бидний хэлдгээр эдийн засгаа солонгоруулах зорилтыг хэрэгжүүлэх зорилготой хууль байсан. Энэ хууль Шеньжен, Вьетнамд байдаг шиг үйлдвэр технологийн паркуудыг Монголын хөрсөн дээр буулгах, хөгжүүлэх явцад үүсэх харилцааг зохицуулна.
Цахимжилтыг нэвтрүүлж, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор Засгийн газраас санаачилсан, салбаруудын 109 хуульд өөрчлөлт оруулах хуулиуд дээр ажиллалаа. Хүнд суртлыг үгүй болгох буюу цаад агуулгаараа авлигатай тэмцэхийн тулд дүрэм журам, хууль эрх зүйн түгжээг мултлах нь нэн чухал байсан.
Хуулиуд батлагдаж мөрдөгдсөнөөр төр өөрт байгаа баримтыг шаардахаа больж, цахим баримт бичгийг хүчин төгөлдөр гэж хүлээн зөвшөөрдөг болсноос гадна иргэдэд ээлтэй зарчмын том өөрчлөлт бүхий зүйл заалтуудыг хуульд суулгасан. Жишээ нь, Зөвшөөрлийн тухай хуульд иргэн зөвшөөрөл хүссэн бичиг баримтаа 100 хувь цахимаар бүрдүүлж илгээгээд, холбогдох байгууллага нь 14 хоногийн дотор хариу өгөхгүй бол автоматаар зөвшөөрсөнд тооцно гэсэн заалт оруулсныг энд нэрлэж болно. 2022 оноос хойш Инноваци, цахим бодлогын байнгын хорооны даргаар ажилласны хувьд, реформын чанартай хуулиудыг батлуулж чадсандаа баяртай байгаа.
-Тэгвэл хийж амжаагүй ажил нь юу байв?
-Зээлийн мэдээллийн сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиа хараахан өргөн барьж амжсангүй. Боловсруулж дуусаад яамдаас санал авахаар албан бичиг хүргүүлсэн байдалтайгаар УИХ-ын отгон чуулган хаагдлаа. Хуулийн гол агуулга нь, иргэдийг зээл хоцроосных нь төлөө зургаан жилийн турш банкнаас үйлчилгээ авах эрхийг нь хязгаарлаж, “санхүүгийн шорон”-д хийдэг одоогийн харгис зохицуулалтыг халж, илүү уян хатан, санхүүгийн боловсрол, сахилга баттай иргэдийг бэлтгэх явдал байсан. Тодруулбал, санхүүгийн харилцаанд оролцож буй иргэдээ кредит скор буюу зээлжих зэрэглэлийг тогтоож, дагаж мөрдсөн иргэдэд урамшуулал үзүүлэх боломжийг бүрдүүлэх явдал юм. Хуулийн төсөл маань D.parliament.mn цахим платформд байршсан байгаа. “Дэмжээрэй” гэж энэ дашрамд иргэдэдээ уриалъя.
-УИХ-ын гишүүнээр анх удаа ажиллалаа. Багагүй ч ажил амжуулсан байна. Ядарсан уу?
-Сайн, муу ажилласныг сонгогчид дүгнэх байх. Миний хувьд чадлаараа л хичээж ажиллалаа. Ядрах тухайд, АНУ-д сурч байхаасаа эхлээд өндөр ачаалалтай ажиллаж сурсан. Өнгөрсөн хугацаанд хуулийн төслүүд дээр суухаас гадна “Хөгжлийн банкны” сонсголыг зохион байгуулахад оролцсон. Хянан шалгах ажиллагааны хүрээнд тус банкны зээлдэгчдийн өнгөрсөн хугацаанд хийсэн 3,000,000 гаруй гүйлгээг нэгбүрчлэн шалгасан нүсэр ажил болсон.
-АНУ-д сурч байхдаа өндөр ачаалал авч сурсан гэлээ. Та АНУ-ын Берклигийн их сургууль төгссөн. Төгсөөд “GP Morgan” банкинд хөрөнгө оруулалтын банкираар ажилласан байх аа?
-Берклигийн их сургуулийг эдийн засагч, санхүүч гэсэн хос мэргэжлээр төгссөн. Манай сургуулийн санхүүгийн хичээлийн хөтөлбөр маш шахуу. Нью Йоркийн их сургуулийн нэг өдөрт үздэг хичээлийг тав хоногт заадаг байсан. Даваагаас баасан гарагт хүртэл өглөө 08.00-20.00 цаг хүртэл тасралгүй заагаад баасан гарагт нь тухайн долоо хоногийн хичээлээр шалгалт авч, хамгийн бага буюу 10 хүртэлх дүн авсан оюутнуудыг хасдаг. Ингэж шигшсээр 1800 гаруй оюутнаас 400 орчмыг л үлдээж, дэлхий даяар тарааж байсан юм.
“GP Morgan”-д ч ялгаагүй, долоо хоногт 100 цаг, заримдаа хоёр, гурав хоногт нь гэртээ харихгүй ажиллах ч тохиолдол гарна. Үр дүнд нь бид 100 хүний хийх ажлыг 25-уулаа хийдэг байлаа.
-Яг ямар ажил хийдэг байсан юм бэ?
-ААН-үүдэд Хөрөнгийн биржээс мөнгө босгож өгдөг байсан. Тухайн үед ОХУ болон хуучин пост коммунист улсуудын компаниуд маш олноороо олон улсын зах зээлээс хөрөнгө босгож байсан цаг. Намайг орос хэлтэй болохоор ОХУ, Казахстаны компаниудын IPO босголт дээр ихэвчлэн томилдог байлаа. Оросын олон компанитай ажилласан. Казахстаны зэсийн хамгийн том компанийн IPO-г хийж байлаа. Канадад төвтэй “Barrick gold” гээд дэлхийн хамгийн том алт олборлогч компанийн Африк дахь төслүүдэд хөрөнгө босгож байсан. Ирак, Курдын компаниудтай ч ажиллаж байсан. Энэ бүх туршлага УИХ-ын гишүүнээр ажиллахад хэрэг болж байна.
-Та дэлхийн том банкинд ажиллаж, уул уурхайн төсөлд хөрөнгө оруулалт татах чиглэлээр мэргэшсэн хэр нь 2011 онд Монголд буцаж ирсэн. Удаагүй 2012 онд Монголбанкны Дэд ерөнхийлөгч болсон байх аа?
-Тийм, 2011 онд Монголдоо ирж, тухайн үеийн МАХН-ын Гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад Монгол банкны дэд Ерөнхийлөгчөөр томилогдсон.
-Та “Монголбанк”-ны Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байх үедээ одоо монголчуудын ердийн хэрэглээ болсон мобайл банкны үйлчилгээг санаачилсан гэж сонссон. Мөн ипотекийн зээлийн хөтөлбөр тэр үед хэрэгжсэн байдаг?
-Хүмүүс одоо мартсан байх л даа. Тухайн үед банкууд тус тусдаа АТ машинтай, дэлгүүрүүд мөн адил банк тус бүрийн картыг уншдаг машинтай үйл ажиллагаа явуулдаг байсан. Төлбөр хийх үед кассчин нь худалдан авагчаасаа ямар банкны карттайг нь асуугаад тухайн банкны ПОС машинаар гүйлгээ хийдэг. “Голомт”-ын “Union pay”-гээс өөр картыг олон улсад хүлээн зөвшөөрдөггүй, монголчууд маань гадаад руу мөнгөө бэлнээр авч явж эрсдэлд ордог байсан.
Тиймээс дотоодын төлбөрийн системээ уян хатан, иргэн болон ААН-үүдэд ээлтэй болгоё, дэлхийн санхүүгийн төлбөр тооцооны системтэй нэгтгэе гэсэн зорилт тавьж, Дэлхийн банкнаас 20 сая ам.долларын зээл аваад эхлүүлсэн ажил одоо дуусчихсан, дараагийн шат руугаа орсон байна.
Энэ бол маш хөдөлмөр шаардсан нүсэр ажил. Нэг гүйлгээ хийгдэхэд цаана нь 33 хяналтын систем давхар ажиллаж, хянаж байдаг. Гэхдээ бид чадсан. Санаачлагч нь би боловч “Монголбанк”-ны хамт олны ажил.
-Ипотекийн зээлийг орхичихлоо?
-Зээлийн эх үүсвэр ховроос болоод хугацаа бага, хүү өндөртэй. Засгийн газраас зорилтот хөтөлбөр хэрэгжүүлдэг ч хүүгийн зөрүүнд татаас өгөх зарчмаар явж байсан учраас урт хугацаандаа эрсдэлтэй тийм л үе байсан. Тэгээд Засгийн газар, Монгол банк “Энэ байдлыг өөрчилье, урт хугацаанд тогтвортой хэрэгжих боломж бүрдүүлье гэж ярилцаад Франц, Англи, АНУ зэрэг улсуудын загварыг судалсны үндсэн дээр ипотекийн 8 хувийн хүүтэй зээлийн тогтолцоог гаргаж ирсэн.
Ипотекийн зээлд эх үүсвэр гэдэг юм хамгийн чухал. Тухайн үед “Энэ бол зээл биш, нийгэмд чиглэсэн хөтөлбөр” гэдэг утгаар санхүүжилтээ 100 хувь “Монголбанк” хариуцах шийдэлд хүрсэн. Үүний үр дүнд өнөөдөр 110 мянган өрх орон сууцтай болчихсон байна.
Тухайн үед ипотекийн зээлийн хүү жилийн 28 хувиас дээш байсныг найман хувь руу оруулсан. Сүүлийн үед 6 хувь, орон нутагт 3 хувь болж буурч байна. Миний хувьд, одоо ипотекийн зээлийн хөтөлбөрийг дараагийн шатанд гаргаж, хүүг бүр илүү бууруулах ёстой гэсэн байр суурьтай байдаг.
-2020-2024 оны парламентын гол ажлын нэг нь Баялгийн сангийн тухай хууль боллоо гэсэн байр суурийг гишүүд илэрхийлж байна. Хуулийн төсөл дээр идэвхтэй ажилласны хувьд таны байр суурийг сонсмоор байна?
-Олон улсын жишигт нийцсэн, хууль эрхзүйн зохицуулалт сайтай хууль болсон гэж дүгнэж байгаа. Би УИХ-д орсон цагаасаа л ярьдаг байсан, “Газрын доорх баялаг хэн нэгний, аль нэг ААН-ийн өмч биш, байгаль эхээс бүх монголчуудад заяасан баялаг” гэж. Энэ утгаараа монголчууд баялгаасаа нийтээрээ хүртэх ёстой гэсэн байр суурьтай оролцсон. Кувейт, Катар, Чили, Норвег гээд Баялгийн сантай бүх улсын Баялгийн сангийн хуулийг судлаад хамгийн зөв практик жишээнүүдийг энэ хуулинд нутагшуулсан байгаа. Шууд хуулаагүй, харин зөв жишээнүүдийг нь авч байгаад нутагшуулсан.
Шинэ хуулиар баялгийн сангийн орлого иргэнд очихдоо орон сууц, боловсрол, эрүүл мэндийн хөрөнгө оруулалт болж очихоор байгаа. Өнөөдөр монгол хүний амьдралын чанарыг сайжруулах гурван үндсэн хүчин зүйл нь орон сууцтай иргэн, эрүүл иргэн, боловсролтой иргэн гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, амьдралын чанар өндөр, боловсролтой, эрүүл монгол иргэн Монгол Улсын хөгжлийн үндэс юм.
Хууль батлагдахаас өмнө уул уурхайн бирж байгуулагдаж, ил тод байдлыг хангах тал дээр реформ хийгдчихсэн байсан нь Баялгийн сангийн тухай хууль амжилттай хэрэгжиж, монголчуудад өгөөжөө өгөх нэг суурь гэж хэлж болно.
-Боловсрол гэснээс, та Сонгинохайрхан дүүргийн 251 дүгээр сургууль дээр Кембрижийн хөтөлбөртэй сургууль нээсэн бил үү?
-Тийм ээ. Энэ бол боловсролыг тэгш хүртээмжтэй байлгах зорилгоор хийсэн аж. Өнөөдөр Кембрижийн хөтөлбөртэй сургуулиуд Зайсан хавиар л байна шүү дээ, үнэнийг хэлэхэд. Гэтэл боловсрол гэдэг бол тухайн хүний ирээдүйд олон орлого, амьдралын түвшинг тодорхойлж байдаг гол хүчин зүйл. Сонгинохайрхан дүүргийн хүүхдүүд Кембрижийн дипломтой төгсмөөр л байгаа шүү дээ. Энэ ажлыг хамгийн хурдан хугацаанд хийх арга нь хувиасаа санхүүжилт гаргах байсан болохоор, шийдээд хийсэн. Тэд төгсөөд дэлхийн шилдэг хүссэн сургуулиуддаа орог гэж бодсон. Энэ бол мэдээж, тийм амар ажил биш. Тэр сургуульд хичээл заах 20 гаруй багшийг сургалтад хамруулна, Кембрижаас багш нар ирж заана, шалгалт авна, сертификат өгнө гээд бас амаргүй ажил явсан. Энэ үндсэн дээр хөтөлбөр оруулж ирж байгаа. Монголын баялаг бол газар дор байгаа алт, зэс, нүүрс биш, харин мэдлэг боловсролтой монгол хүн байх ёстой гэдэг итгэл үнэмшлээрээ л энэ ажлыг хийсэн.