МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан СЕХ-нд албан бичиг хүргүүллээ. Тус намын Сонгуулийн төв штабаас УИХ-ын сонгуулийн I тойрогт нэр дэвшиж буй Г.Сайханбаярын сонгуулийн сурталчилгааг зогсоож, ёсзүйн хариуцлага хүлээлгэн, нэрийг нь татах улс төрийн шийдвэр гаргасан. Уг шийдвэртэй холбоотойгоор МАН-аас СЕХ-нд албан бичиг хүргүүллээ.
Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “МАН-ын Сонгуулийн төв штабаас нэр дэвшигч Г.Сайханбаярын сонгуулийн үйл ажиллагааг зогсоож, эргүүлэн татахаар СЕХ-нд албан ёсоор хандлаа. Бидний зүгээс нэр дэвшигч энэ асуудалд илүү хариуцлагатай хандах ёстой гэж үзэж байна.
Сонгуулийн компанит ажил илүү хариуцлагатай, ёсзүйтэй явагдах үе дээрээ ирээд байна. Улс төрийн намууд, улстөрчид энэ асуудалд идэвхтэй хандах ёстой” гэсэн байр суурийг илэрхийллээ.
Мөн тэрбээр “Төрийн сонгуулийг эмх цэгцтэй, хариуцлагатай зохион байгуулах нь улс төрийн намуудад оногдсон үүрэг. Сонгуулийн компанит ажлыг зохион байгуулахдаа золгүй явдлыг улстөржүүлэх, ард иргэдийг талцуулах, хагалан бутаргах үйл ажиллагаа явуулах нь улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд аюул учруулна. Тиймээс эрх баригч нам, голлох сөрөг хүчин хариуцлагатай хандах ёстой.
МАН өнгөрсөн хугацаанд парламентын ардчиллыг бэхжүүлэх, парламент дахь улс төрийн намуудын оролцоог сайжруулахаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг санаачилж, гишүүдийн тоог нэмэх, сонгуулийн холимог системийг нэвтрүүлэхээр санаачилга гаргаж ажилласан. Энэ санаачилгын үр дүнд парламентад 4-5 нам орох нөхцөл бүрдэж байгаа. Энэ цаг үед илүү хариуцлагатай, ёсзүйтэй сонгуулийг зохион байгуулахыг намуудад уриалж байна.
АН-аас мэдээлэл хийхдээ золгүй явдлыг улс төрийн аллага гэж нэрлэж, манай нэр дэвшигчийг захиалгат аллага үйлдсэн мэтээр олон нийтэд буруу ташаа мэдээлэл өгч байгаа нь зүйд нийцэхгүй. Үүнийг АН-ын нэр бүхийг гишүүд “Үүлэн чөлөөний нар, үүнийг ашиглаж, сонгууль хийнэ” гэдгийг ил тод мэдэгдэж байгаа нь иргэдийг талцуулж, бухимдуулах, айдаст автах нөхцөлийг бүрдүүлж байна. Үүнийг эрс буруушааж байна.
Сонгууль болдгоороо болно. Сонгуулийн дараа ард иргэд тайван, сонгосон төрдөө итгэл үнэмшилтэй байх нөхцөлийг бууруулах эрсдэлтэйг АН анхаарч, хариуцлагатай хандах зүйтэй” хэмээн золгүй үйл явдлаар улс төр хийж байгаа үйл ажиллагаагаа зогсоохыг АН-аас шаардлаа.