Өчигдөр цахим орчинд Засгийн газрын бүрэлдэхүүнээ баталлаа гэсэн худал мэдээлэл тарсан. Үүнтэй холбоотойгоор Ардчилсан намын жагсаалтаар нэр дэвшигч Б.Баттөмөр Ардчилсан намын албан ёсны байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр “Хэрэв Ардчилсан намын энэ удаагийн сонгуульд ялалт байгуулбал стратегийн Засгийн газрыг байгуулах болно. Бүтцийн данхар Засгийн газар байгуулахгүй. Одоогийн Засгийн газар даахгүй нохойнд булуу хураана гэдэг шиг данхар бүтэцтэй байна. Ардчилсан намын улс төрийн зөвлөл Засгийн газрын бүрэлдэхүүний талаар зарчмаа ярилцаж тохирсон байгаа. Өөрөөр хэлбэл, өчигдрийн цахим орчинд яваад байгаа хүмүүсээс нэг нь Засгийн газрын бүрэлдэхүүнд орохгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье. Жагсаалтаар нэр дэвшиж буй хүмүүсийг Засгийн газрын бүрэлдэхүүнд оруулахгүй. Тойрогт нэр дэвшиж буй хүмүүс сайдаар томилогдох болно” гэв.
Түүнчлэн тэрбээр үргэлжлүүлэн сэтгүүлчдийн асуултад хариулав.
Олон нийтийн дунд регистрийн дугаарыг цуглуулж, багаар нь дэмжихгүй бол санал хүчингүй болно гэх мэдээллүүд гараад байгаа асуудлаар тодруулахад тэрбээр “Хүн хэнд ч саналаа өгч болно. Саналын хуудаст хоёр л зүйл бөглөнө. Нэг нь нэр дэвшигчийг, нөгөөх нь намыг сонгож дугуйлах ёстой байгаа. Энэ удаа тойрог томорсон учраас тойрог хэдэн мандаттай байгаагаас шалтгаалан нэр дэвшигчийг болон намыг дугуйлна. Багаар нь дугуйлахгүй бол хүчингүй гэдэг утгагүй асуудал” хэмээн тайлбарлалаа.
Мөн Засгийн газрын бүрэлдэхүүнийг сонгуулийн сурталчилгаа өрнөж буй энэ үед зарлах нь хэр оновчтой гэх асуултад “Манай нам явбал Лу.Гантөмөр гэдэг хүн Засгийн газрын тэргүүн болно. Сонгуулийн үр дүнг хэлж мэдэхгүй байна. Хэрвээ Ардчилсан нам ялах юм бол эдийн засгийг урагш хөдөлгөхийн тулд ямар ямар салбарууд илүү стратегийн гэж үзэж байгаа юм, дотроо бүх асуудлыг шийдээд дотроо бодлого боловсруулан тооцох ёстой. Өөрөөр хэлбэл, боловсрол, эрчим хүчний салбарыг бид стратегийн гол салбар гэж харж байгаа. Ач холбогдол бүхий салбаруудаа сонгон авч, хөгжүүлнэ. Түүнээс биш одоогийнх шиг алийг нь ч хөгжүүлэх нь мэдэгдэхгүй олон яам, олон сайдтай, данхар бүтэцтэй байж болохгүй. Ардчилсан нам Засгийн газар 9 яамтай байна үзэж байгаа. Ингэхдээ оновчтой шийдлээр хөгжүүлнэ. Түүнээс биш ямар ч бодлогогүй болбол 8 жил болоод ч хөгжүүлэх боломжгүй гэдгийг бид нар харлаа шүү дээ” гэх хариу тайлбарыг өгсөн юм.