Монголчууд бид эдийн засгаа тэлэхийн тулд боомтоо хөгжүүлэх шаардлагатай тулгарч байгаа. Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Боомтын сэргэлтээр эдийн засгаа тэлэх шинэ бодлогыг хэрэгжүүлж бүтээн байгуулалтуудыг 2020 оноос эхлүүлсэн.
Монгол Улсын Засгийн газар 2023 онд 8 боомтыг хөгжүүлж ажиллажээ. Уг ажлын хүрээнд Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Бичигт, Замын-Үүд, Алтанбулаг, Сүхбаатар, Боршоо боомтуудад боомтын авто зам, төмөр зам, олон төрөлт чингэлэг тээврийн терминал, хил хяналтын байгууллагын ажилтан албан хаагчдын орон сууц зэрэг цогц бүтээн байгуулалтууд өрнөсөн байна.
Тодруулбал БНХАУ-тай хиллэж буй байнгын ажиллагаатай 13 боомтоос 8 боомт, ОХУ-тай хиллэдэг байнгын ажиллагаатай 10 боомтоос 4 боомтод боомтын бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж байна. Харин 2024 оноос Цагааннуур, Хавирга, Булган боомтуудад бүтээн байгуулалт, шинэчлэлийн ажлыг эхлүүлэхээр хөрөнгө оруулалтыг нь шийдээд байгааг албаныхан хэлж байна.
Юутай ч Монгол Улс боомтоо сэргээж байж худалдаа, эдийн засгаа өргөжүүлнэ гэдгийг онцгойлон анхаарч, Засгийн газраас боомтын хөгжлийг тэргүүлэх чиглэлд авч үзсэнээр хоёр жилд гүйцэтгэх ажлыг нэг жилд багтаан хийснээр экспортын тоо хэмжээ даруй хэд дахин нэмэгдсэнийг 2023 оны статистик тоон үзүүлэлтүүд илтгэж байгаа билээ.
Одоогоор Замын-Үүд болон Боршоо боомтын цогц бүтээн байгуулалтын ажил бүрэн дууссан байна. Харин Гашуунсухайт болон Алтанбулаг боомтуудын барилга угсралтын ажил буюу бүтээн байгуулалт ид өрнөж буйг албаныхан хэлж байна. Яг одоогийн байдлаар Цагаандэл-Уул боомтын зураг төслийн ажил нь дуусч энэ оны 4 дүгээр сарын 1-нээс бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр зэхэж байгаа аж.
Тэгвэл нүүрсний гол боомт болох Шивээхүрэн болон Ханх, Хавирга боомтуудын бүтээн байгуулалтын нарийвчилсан зураг төсөл дуусах шатандаа явж байгаа бол Бургастай, Арцсуурь, Эрээнцав, Баянхошуу болон Сүмбэр боомтуудын нарийвчилсан зураг төслийн ажлыг гүйцэтгэж байгааг Хилийн боомтын захиргаанаас мэдээлж байна.
Боомтод хийгдэж бүтээн байгуулалтын ажлуудыг тоймловол,
- Замын-Үүд боомтын барилга угсралт болон зорчигч тээврийн цогцолборын байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг бүрэн дуусгаж, ачаа тээврийн хэсгийг ашиглалтад оруулахад бэлэн болжээ.
- Гашуунсухайт боомтын зорчигч, ачаа тээврийн барилга байгууламж 61 хувийн гүйцэтгэлтэй байна.
- Алтанбулаг боомтын ачаа тээврийн хэсгийн 1, 4 дүгээр хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 23-нд ашиглалтад оруулав. Харин зорчигч тээврийн хэсгийг 2024 оны 1 дүгээр сард багтаан хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.
- Сүхбаатар боомтын Нэг цэгийн үйлчилгээний байгууламжийг 2023 оны 9 дүгээр сард барилга угсралтын ажил дуусаж, Улсын комисс хүлээн авсан байна.
- Боршоо боомтын бүтээн байгуулалт 100 хувийн гүйцэтгэлтэйгээр 2023 онд ашиглалтад оруулжээ.
- Бичигт боомтын авто зам, барилга байгууламж, дэд бүтцийн өргөтгөл, шинэчлэлийн ажил 2023 онд эхэлж ажлын явц ачаа, зорчигч тээврийн барилга байгууламж 5 хувь, боомтын авто замын барилга байгууламж 25 хувийн гүйцэтгэлтэй байна.