Хөгжлийн бэрхшээлтэй иргэн Б:Болороо JICA” Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран зохион байгуулсан “Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдлын тухай сургалт (DET)”-ын Трейнер буюу багш бэлтгэх хөтөлбөрт амжилттай суралцаж төгссөн байна. Улмаар дэлхийн хэмжээнд байдаг 500 сургагч багшийн нэг болжээ.
Тэрбээр энэ тухайгаа дараах сэтгэгдлийн хамт өөрийн нүүр хуудсанд мэдээлжээ.
ЗҮГЭЭР Л БИ ЧАДЛАА ХАНИА гээд чангаар уйлмаар байна.
Хийдэг ажлаараа дэлхийд данслагдаж үлдсэндээ, ханьдаа амласан амлалтандаа хүрч чадсандаа баяртай байна.
Хань минь сургалт зохион байгуулаад явахад минь, хүмүүсийн ойлголтыг нэмэгдүүлэх ажлыг минь их дэмждэг байсан учраас намайг багш бэлтгэдэг мундаг хүн болоосой гэж их хүсдэг байсан. Учир нь энэхүү сургалтыг дэлхийн 38 оронд зохион байгуулдаг ба 500 сургагч багш байдаг. Харин үүнээс 5 хүн л БАГШ БЭЛТГЭХ ЭРХТЭЙ байсан юм. Жайка байгууллагаас Монгол Улсад маш их боломжийг олгож 3 хүнийг багш бэлтгэх эрх олгосон юм.
3 жилийн өмнө багшлах эрхээ авч байсан бол өнөөдөр өөр шигээ сургалт заах БАГШ БЭЛТГЭХ ЭРХЭЭ гардан авлаа.
Багш бэлтгэх урьдчилсан сургалт аль 10 сараас эхлэн 11 сарыг дуустал явагдсан бөгөөд тэр үед яг л талбай дээр суулт хийж, хэргийнхээ араас явж байсан үе байсан.
Өглөө 09-12 цаг хүртэл сургалтандаа суучихаад өдөр нь талбай дээр суулт хийгээд орой нь гэртээ ирж конспект боловсруулдаг байлаа. Энэ бүх хугацаанд бүтэн нойртой хонож үзсэн удаа байхгүй, сэтгэл санаа маш хүнд байсан.
Харин 12 дугаар сарын 05-20-ны өдрүүдэд 14 сургагч багшийг бэлтгэн гаргалаа. Хүнд зөв ойлголт түгээх багш нарыг бэлтгэн гаргах үнэхээр хэцүү том ажил байлаа. Сэтгэл санаа хямралтай унтаж чадахгүй, бие маань маш их сульдсан байсан ч багш бэлтгэх 11 хоногтоо өөрт оногдсон ажлаа шүд зуун байж маш хариуцлагатайгаар хийж гүйцэтгэн энэхүү эрхээ авч байгаа учир амьдралдаа анх удаа өөрөөрөө бахархаж үзлээ.
Уг нь яамны ажлаасаа 2 сарын чөлөө авсан байгаа ч ажлаа л хийж явнадаа.
Ээжийн маань аливааг чин сэтгэлээсээ хийж бай, хүний итгэлийг бүү алд, эхэлсэн бол дуусга гэж хэлдэг үгнүүд яг энэ үед үнэхээр их луужин боллоо.
Зүгээр л хань маань ТРЭЙНЭР БОЛОХЫГ минь маш их хүсэж байсан учир үүнийг ханьдаа зориулмаар байна. Үүнээс хойшхи амжилт угаасаа л ээжийнх минь”.
Түүний нөхөр ажил үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амь насаа алдсан. Ажлын байран дээрээ харамсалтайгаар амь насаа алдсан нөхрийнхөө нэр төрийг цэвэрлэх, цаашлаад үл хайхарсан бүхэнд хариуцлага тооцуулахын тулд Сүхбаатарын талбайд 12 дахь өдөр суулт зарлаад байхад МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх уулзан Б.Болороод эмгэнэл илэрхийлж хоёр шаардлагыг холбогдох хуулийн хүрээнд нэн даруй шийдвэрлэхийг ХЗДХ-ийн Ц.Нямдорж сайд болон ЦЕГ-ын С.Баатаржав даргад үүрэг болголд байгаа билээ.