Ш.ЭНХТӨР: Энэ оны эхний есөн сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн 45.3 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН ТАЛААР  ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН УРЬДЧИЛСАН СЭРГИЙЛЭХ ГАЗРЫН  АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН, ЦАГДААГИЙН АХМАД Ш.ЭНХТӨРТЭЙ ЯРИЛЦЛАА.

-Гэр бүлийн хүчирхийлэл буурсан уу, өссөн үү гэдгээс яриагаа эхлэх үү?

-Цагдаагийн байгууллагын хэмжээнд 2024 оны эхний 09 сард 32492 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 4696 хэргээр буюу 16.9 хувиар өсөж, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 1201 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 52 хэргээр буюу 4.5 хувиар өссөн, бүх хэрэгт эзлэх хувийн жин 3.7 хувь болж, өмнөх оны мөн үеэс 0.4 нэгжээр буурсан байна.

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэргийн 1070 буюу 89.1 хувийг хөнгөн, 131 буюу 10.9 хувийг хүнд гэмт хэрэг байгаа бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад хөнгөн гэмт хэрэг 2.9 хувиар, хүнд гэмт хэрэг 20.2 хувиар тус тус өссөн байна. Энэ төрлийн гэмт хэргийн 45.3 хувь нь Улаанбаатар хотод, 54.7 хувь нь орон нутагт тус тус бүртгэгдсэн байна.

-Цагдаагийн байгууллагаас гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, бууруулах чиглэлээр ямар ажил зохион байгуулж байна вэ?

Цагдаагийн байгууллагын дуудлага, мэдээлэл хүлээн авдаг “ECS” программаар Гэр бүлийн хүчирхийлэл удаа дараа үйлддэг иргэний давтамжийг илрүүлэн Төрийн болон төрийн бус байгууллага, сум, хороодын хамтарсан багтай гэр бүлийн хүчирхийллийг бууруулах чиглэлээр нарийвчилсан судалгаа хийж зан үйл засах нөлөөлийн арга хэмжээ авч ажиллсанаар эерэг үр дүн гарч байгаа тул сайн туршлагыг түгээн дэлгэрүүлж, улам бүр боловсронгуй болгох чиглэлээр ажиллаж байна.

-Төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран хэрхэн ажиллаж байгаа талаараа тодорхой ярина уу?

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран гэр бүл, хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, хүчирхийллийг үл тэвчих нийгмийн хандлагыг төлөвшүүлэх зорилгоор сургалт, мэдээлэл, ажлын байранд зуучилах, нийгмийн тулгамдаж буй хүндрэл бэрхшээлийг сэтгэл зүйчийн дүгнэлтийн тусламжтай шийдвэрлэх чиглэлээр 230 төрийн болон төрийн бус байгууллага, 110 аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран сургалт, нөлөөллийн ажил зохион байгуулж ажилласан байна.

Нэгдсэн үндэстний байгууллагын Хүн амын сантай хамтран “Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй”  сэдэвт гэмт хэрэг, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий алба хаагчдад зориулсан бүсчилсэн сургалт, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд хохирогч төвтэй хандлагыг хэрэгжүүлэх чиглэлээр хууль сахиулах болон шүүх эрх мэдлийн байгууллагын ажилтнуудын чадавхыг  бэхжүүлэх” зэрэг бүсчилсэн сургалтыг 2021-оноос тогтмол зохион байгуулсан.

Хүчирхийллийн шинж, хэрэв өртсөн бол хаана, хэнд хандах боломжтой вэ?

Хариулт: Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь гэр бүлийн хамаарал хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгох бөгөөд, ихэвчлэн бие махбодын хүчирхийлэл, давтан үйлдэгдсэн үед цагдаагийн байгууллагад хандаж байна.

Хэрвээ та болон таны эргэн тойрны хэн нэгэн Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн бол харьяалах нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад хандах боломжтой, цагдаагийн байгууллагад Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх болон хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн нар ажиллаж байгаа. Та өөрт тулгарсан асуудлаар тухайн алба хаагчдад шууд хандах боломжтой. Мөн зөвлөгөө мэдээлэл шаардлагатай бол 107 тусгай дугаарт залгаж, үнэ төлбөргүй мэдээлэл авч болно, уг дугаарт 24 цагаар сэтгэл зүйч нар зөвлөгөө, мэдээлэл өгч байгаа. Мөн 102 дугаарт залган мэдээлэл өгөх боломжтой.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн иргэнд хуулийн ямар хариуцлага хүлээлгэдэг  вэ?

Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлд Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн бол албадан сургалтад хамруулж, 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулна гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн бол торгуулийн хариуцлага гэж байхгүй.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд зааснаар 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Эсхүл 6 сараас 2 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас хоёр жил хүртэл хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хуульчилсан байдаг.