“Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх” дэлхийн 7 хоног эхэллээ

ДЭМБ-аас жил бүрийн 11 дүгээр сард “Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх” дэлхийн 7 хоногийг зохион байгуулдаг уламжлалтай.

Хүн амын мэдлэг боловсролыг сайжруулах, бодлогын өөрчлөлт хийхийг уриалах, яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байгааг сануулах зорилготой зохион байгуулагддаг уг арга хэмжээг энэ жил ДЭМБ, Эрүүл мэндийн яам, Улсын Нэгдүгээр төв эмнэлэг, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар хамтран “Мэдлэг олгоё. Нөлөөлье. Яг одоо” уриан дор тэмдэглэхээр нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан оролцож, үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, эмэнд нянгийн тэсвэржилт үүссэнээс хүний эрүүл мэнд, эмчилгээ, оношлогоонд хүндрэл учруулж байгаа нь хүн төрөлхтөний хувьд зайлшгүй анхаарал хандуулах асуудлын нэг болоод байна. Тиймээс нянгийн тэвсэржилт нь зөвхөн эрүүл мэндийн салбарынхны ярих асуудал биш гэдгийг онцоллоо. Мөн хэрэв бид уг асуудалд онцгой анхаарал хандуулахгүй бол 2050 он гэхэд 10 сая хүн нас барах эрсдэл байна. Миний хувьд өнгөрсөн 9 дүгээр сард Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн хүрээнд зохион байгуулагдсан “Бичил биетний тэсвэржилт”-ийн асуудлаарх өндөр түвшний уулзалтад оролцож, ДЭМБ -аас дэвшүүлсэн “Бичил биетний тэсвэржилттэй тэмцэх” санаачилгад Монгол Улсын Засгийн газар нэгдэж, улс төрийн өндөр түвшний амлалтыг хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлсэн талаараа дурдлаа.

Түүнчлэн бичил биетний тэсвэржилтээс сэргийлэхэд “Антибиотикийн хариуцлагатай хэрэглээ” нэн тэргүүний арга хэмжээ юм. Манай орны хувьд бусад улс оронтой харьцуулахад антибиотикийн хэрэглээ хэт өндөр. Тиймээс цаашид антибиотикийг зөвхөн эмчийн жороор олгож хэвшүүлэх, эрүүл мэндийн байгууллагуудад нянгийн эсрэг эмийн даслаас сэргийлэх, хянах тогтолцоог сайжруулах, иргэдийн эмийн талаарх мэдлэг хандлагыг дээшлүүлж, зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эрүүл мэндийн байгууллагуудад бичил биетний тэсвэржилтийн тандалтын тогтолцоог бий болгох халдварын тархалтыг бууруулах цогц арга хэмжээнүүдийг авч байгаа талаараа мэдээллээ.

Монгол Улсын хувьд энэ жилийн “Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх” дэлхийн 7 хоногийг “Нэг эрүүл мэнд”-ийн хүрээнд олон салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, улмаар бичил биетний эсрэг эмийг хүн, мал амьтан, газар тариалангийн салбарт хэтрүүлэн буюу буруу, зохисгүй хэрэглэхийг зогсоох зорилготойгоор тэмдэглэж байна. Энэ хүрээнд Бичил биетний тэсвэржилтээс хамтдаа сэргийлье сургалт, Антибиотик эмийг хариуцлагатай хэрэглэх амлалтын аяныг зохион байгуулах юм байна.