Жендэрийн үндэсний хорооны Ажлын алба нь “Жендэрийн сургагч багш бэлтгэх анхан, дунд, ахисан 3 үе шат бүхий сургалтын стратеги”-ийг баримтлан эхний 2 үе шатны сургалтын модулийг боловсруулж, 420 орчим сургагч багшийг бэлтгэж, үндэсний хэмжээнд жендэрийн сургагч багш бэлтгэх сургалтын суурийг бий болгосон.
Жендэрийн тэгш байдлыг хангах сургалтын тогтолцооны 3 дахь шат болох ахисан түвшний сургагч багш нарыг бэлтгэх хүрээнд Европын холбооны санхүүжилттэй НҮБ-ын Хүн амын сантай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний чадавхыг бэхжүүлэх нь” (2024-2025) төслийн дэмжлэгтэй сургагч багшийн сургалтын гарын авлагыг жендэрийн үндэсний шинжээч зөвлөхийн хамт боловсруулж, өнөөдөр сургалтыг эхлүүллээ.
Сургалтын агуулга нь “Жендэрийн өөрчлөлтийн арга зүй: жендэрийн бодлогын хяналт-шинжилгээ, үнэлгээ” ахисан түвшний мэргэжилтэн шинжээч бэлтгэх зорилго бүхий Удиртгал болон 6 модультай бөгөөд сургалт нийт 3 долоо хоног, 48 цаг үргэлжилнэ
Сургалтад оролцогчдыг жендэрийн тэгш байдлыг хангах үйл хэрэгт оруулж буй хувь нэмэр, мэдлэг туршлага, хандлага, хүсэл эрмэлзэлд нь суурилж цаашид Жендэрийн тэгш байдлыг хангах төрийн бодлогыг тодорхойлоход оруулах хичээл зүтгэлийг үндэслэн нээлттэй байдлаар сонгон шалгаруулж, нийт 30 оролцогч сонгогдон суралцаж байна.
Сургалтын онцлог нь Жендэрийн өөрчлөлтийн арга зүйг ашиглан жендэрийн хариуцлагатай бодлого, стратеги, төлөвлөгөөг боловсруулах, жендэрийн тэгш байдлыг дэмжсэн бодлогын зорилтыг биелүүлэх, үнэлэх, жендэрийн тэгш бус харилцааг өөрчлөх үйл явцыг хувь хүн, хамт олон, байгууллагын түвшинд хэрэгжүүлэх арга зүйг хөгжүүлэхэд чиглэж байна.