Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл 2024.02.26-ны өдөр хуралдаж, аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаа болон гамшиг ослын нөхцөл байдал, дүн мэдээ, шаардлагатай тоног төхөөрөмжийн талаар мэдээлэлтэй танилцаж, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг батлав.
Сүүлийн 5 жилийн байдлаар гамшиг осол, гал түймрийн тоо жил бүр өсч байгаа бөгөөд хүн ам олноор суурьшиж байгаа Даланзадгад, Цогтцэций, Ханбогд, Гурвантэс сумдад гамшиг ослын тоо өндөр байна.
Ханбогд, Цогтцэций, Гурвантэс сумдад гамшгийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээ, Даланзадгад суманд гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийгдэж гал түймрийн эрсдэл 75,5%, хүчтэй салхи шуурганы эрсдэл 4,8%, үерийн эрсдэл 5,2%, техникийн холбогдолтой осол болон бусад эрсдэл 14,5% гэж үнэлэгдсэн байна.
Иймд цаашид аймгийн Онцгой байдлын газарт болзошгүй гал түймрийн аюулын үед орон сууцны өндөр барилга болон ШТС, шингэрүүлсэн хийн түлшний станцад гарсан гал түймрийг унтраах хүчин чадал бүхий робот гал сөнөөгч, хүчтэй салхи шуурганд төөрсөн иргэдийг эрэн хайх, аврах үйл ажиллагаанд шаардлагатай дулаан, хөдөлгөөн мэдрэгчтэй тусгай хэрэгцээний дрон, алслагдсан хөдөө хээр интернетийн сүлжээнд холбох өндөр хурдны төхөөрөмж зэрэг тоног төхөөрөмж нэн шаадлагатай байгаа талаар хэлэлцэж, орон нутгийн төсөв, аймгийн хөгжлийн жилийн төлөвлөгөө болон гамшгийн эрсдэлийг бууруулах төсөв, төлөвлөгөөнд тусгаж хэрэгжүүлэхээр хэлэлцлээ.
Мөн аймгийн Гашуунсухайт, Шивээхүрэн хилийн боомтуудад иргэдийн аюулгүй байдлыг хангах, төрийн үйлчилгээг цаг алдалгүй хүргэх зорилгоор Ханбогд сумын хайрхан багийн Цагаанхад болон Гурвантэс сумын Бага-Овоо багийн Морин заг суурьшлын бүсийг сум, тосгоны статустай болгох талаар УИХ, Засгийн газарт аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас албан бичиг хүргүүлэхээр хэлэлцэв.